SPEAK OUT: Тайваньд нөхцөл байдал тайван байна

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Тайваньд нөхцөл байдал тайван байна

SPEAK OUT: Тайваньд нөхцөл байдал тайван байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбоотойгоор Хятад, Тайванийн асуудал олон улсын анхаарлын төвд байна. Мөн зарим мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй байна гэдгийг анхааруулж буй. Тэгвэл бодит байдал Тайваньд ямар байгаа талаар тус улсад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй холбогдож тодрууллаа.

"ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС БОЛЖ АР ГЭРИЙНХЭН АЙДАСТ АВТАЖ БАЙНА"

Тайванийн Шиньжү хотод амьдардаг Б.Ганбаяр:

-Төрийн түшээдийн уулзалттай холбоотой янз бүрийн мэдээлэл их гарч байна. Гэхдээ Тайваньд харьцангуй тайван байгаа. Өчигдөр Тайванийн төлөөлөгчийн газраас холбогдож, монгол иргэдийн бүртгэлийг шинэчилж байгааг хэлсэн. Миний хувьд Тайваньд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Ирэх аравдугаар сард буцна гэж бодож байсан ч нөхцөл байдлыг харж байгаад буцах хугацаагаа наашлуулж магадгүй. Одоогоор юу ч болоогүй байхад нутаг буцна гэж байгаа хүн алга. Байдлыг ажиглаж байж шийд гарна. Айлчлалын дараа Хятадаас ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг мөн чухал. Тиймээс мэдээ харж байгаад болно гэсэн бодолтой байна.

Тайванийн төлөөлөгчийн газраас холбогдож, ерөнхий мэдээлэл, оршин суугаа хаяг, паспортын дугаар зэргийг авсан.

Монголын зарим мэдээллийн сайтууд дээр ташаа мэдээлэл их гарч байна. "Тайваньд агаараас дайралт хийж байна. Онгоцууд бөмбөгдөж байна" зэрэг худал мэдээлэл цацагдаж байна. Тэр мэдээлэл энд байгаа монгол иргэдийн ар гэрийнхнийг айдаст автуулж байгаа учраас мэдээллийг сайн нягталж хүргэхийг хүсье.

"ОДООГООР ЦЭРЭГ, ТЕХНИКИЙН ХҮЧ ХАРАГДАХГҮЙ БАЙНА"

Тайванийн Тайчун хотод таван жил амьдарч буй н.Төгөлдөр:

-Хамгийн анх долдугаар сарын 26-наас агаарын довтолгооноос сэргийлэх сургалтын ажиллагаа явуулсан. Энэ сургалтын талаарх мэдээллүүдийг Монголын сайтууд авч, буруу ташаа мэдээлэл өгч байна. Одоогоор нөхцөл байдал маш тайван байна. Би Тайчун хотод амьдарч, сурдаг. Далайн эргээр бол цэрэг армийнхан техникүүдээ байрлуулаад тавьчихсан байгаа.

Цэргийн объектууд дээр байрлуулаагүй үйлдвэрүүд дотор цэргийн тоног төхөөрөмжүүдээ оруулаад тавьчихсан байдалтай байна.

Далайн эрэг дагуу үйлдвэрүүд дотор бүх тоног төхөөрөмж, хүнд зэвсэг пуужингуудаа оруулж байрлуулсан гэх мэдээлэл ч бий. Одоогоор бол Тайваньд ажил, амьдрал хэвийн үргэлжилж байна. Цэрэг техникийн хүч харагдахгүй байгаа. Зургаан сарын өмнөөс хоргодох байрыг олноор барьдаг болсон. Бусдаар бол зарим хэвлэл мэдээлэлд гарч байгаа шиг хурцадсан асуудал байхгүй.

"МОНГОЛ ОЮУТНУУД НУТАГ БУЦАХ ТАЛААР ХООРОНДОО ХОЛБОГДСОН"

Бид дээрх хоёр хүнээс гадна Тайваньд суралцаж буй гурван оюутантай холбогдоход ижил хариулт өгөв. Бүртгэл мэдээллээ төлөөлөгчийн газарт өгч, нутаг буцах талаар ярилцаж байгаагаа ч хэлсэн юм. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл цагаачлалын алба болон Гадаад харилцааны яам, төлөөлөгчийн газраар дамжуулан нутаг буцах боломжтой. Гэхдээ оюутнууд цахимаар болон утсаар хоорондоо холбогдож товлосон хугацаанаас өмнө Монгол руу буцаж магадгүй гэдгийг хэлж байлаа. Гудамж талбайн харуул хяналт хэвийн байгаа бөгөөд ажил, сургалт нь хэвийн үргэлжилж байгааг мөн онцоллоо.

Тайваньд Монголын 1000 орчим иргэн байдаг бөгөөд эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад нөхцөл байдлыг харгалзаж хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж