Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилжээ. Түүний зохион байгуулж буй уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцох гэнэ.
Тэрбээр энэ талаар мэдээлэл хийхдээ "Миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна. Цус ойртолт өндөр түвшинд байна.
Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан. Энэ оны наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд "Дөргөн нуур" жуулчны баазад Алтайн залуусын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад 300 гаруй хүн бүртгүүлсэн" тухай ярьжээ.
Чуулга уулзалтын үеэр ганц бие залуусыг хооронд танилцуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө өгөх аж. Мөн хувь хүний хөгжлийн сургалт, бизнесийн сургалт зохион байгуулах аж.
Холбоотой мэдээ