Амьтдын өдөр өнжүүлэх эрэлттэй үйлчилгээ болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Амьтдын өдөр өнжүүлэх эрэлттэй үйлчилгээ болжээ

Амьтдын өдөр өнжүүлэх эрэлттэй үйлчилгээ болжээ

"Хөдөө явах гэсэн юм, муураа хэнд үлдээх вэ", "Нохойг маань түр хугацаанд хараад өгөх хүн байна уу" гэх мэт зарууд олон нийтийн сүлжээнд тааралдах нь цөөнгүй. Сүүлийн үед монголчууд гэртээ муур, нохой тэжээх нь ихсэж, тэр хэрээр тэднийгээ хэнд яаж харуулах вэ гэсэн асуудал, бэрхшээлтэй тулгардаг болжээ. Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтад хүнээс яг л хүүхэд, хөгшид шиг асаргаа, хайр, халамж шаарддаг. Удаан хугацаагаар гадагшаа эсвэл хөдөө явахад муур, нохойгоо дагуулаад явах боломжгүй. Тиймээс амьтдын өдөр өнжүүлэхүүд бий болж, хүмүүсийн ажил, амьдралыг хөнгөвчлөх болсон байна.

Ханан дээрээ томоос том муур, нохойн зурагтай шаргал өнгийн барилгын хаалгаар орлоо. Тэнд ч муурнууд тоглож, энд ч ноход гүйлдэнэ. Тэд эздээ ажилтай байх хойгуур ийнхүү цэцэрлэгтээ өнжиж буй нь энэ аж.  Тэд цэцэрлэгтээ ирээд үсээ засуулж, хумсаа авхуулж, үнэртэй ус түрхэн гангардаг гэнэ.

"Doctor Ani" нь амьтанд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ нээжээ.  Амьтны эмнэлгээс гадна амьтадтай тоглох заал, үйлчлүүлэгчид амрах хэсэг, тэжээвэр амьтдын салонтой, мөн өдөр өнжүүлэх ажиллуулдаг аж.  Тун удахгүй эмийн сан, дэлгүүр болон муурын тоглоомын төвөө нээхээр төлөвлөсөн байна.

Монголд нийтдээ 100 мянга гаруй тэжээвэр нохой бий. Тэдгээрийн 23 хувь нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн нь хашаанд байдаг гэх судалгаа байдаг аж. Харин эдгээр амьтдад эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг, албан ёсны шаардлага хангасан газар тэр бүр байдаггүй. Тиймээс эдний хамт олон амьтны салоны үйлчилгээг нээжээ.

Салоны үйлчилгээнд нохой, муурын үсийг авах, усанд оруулах, хумс авах, чих цэвэрлэх зэрэг багтдаг. Мөн нохой, муурын бөгсөнд байдаг булчирхайг шахдаг. Энэ булчирхайг шахаагүйгээс болж нохой гаслах, бөгсөө чирэх, тойрч эргэлдэх гэх мэт үйлдэлг хийдэг. Эдгээрээс гадна нохой, муурын үнэртэй ус, амны үнэр дарах бохь хүртэл зардаг гээд долоон төрлийн үйлчилгээ үзүүлдэг тухай ажилчид нь танилцуулсан юм.

Халуун өдрүүдэд амьтад байшиндаа байдаг. Учир нь гэрийн тэжээвэр амьтад халуун наранд амархан наршиж гэдэс нь хямардаг. Харин сэрүүхэн үед хашаан дотроо тоглуулдаг аж.

"Манай өдөр өнжүүлэх зориулалтын тусдаа объекттэй учраас иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулна гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс үүгээрээ давуу талтай аж" тухай Б.Тэмүүжин бидэнд сонирхуулав.

Тэрбээр тус эмнэлгийн ажилтан агаад  “Нохой, муурын өдөр өнжүүлэх үйлчилгээг эхлүүлээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд олон амьтан хүлээн авч, тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. Одоогийн байдлаар 20 хоногийн хугацаанд манай өдөр өнжүүлэхэд нохойгоо үлдээгээд явсан хүн бий.  Наадмын үеэр манай өдөр өнжүүлэх их ачаалалтай ажилласан.

Хүмүүс найдвартай газар нохой, муураа үлдээж байна гээд сэтгэл ханамж сайтай байсан. Энэ нь бидний ажилд их урам өгсөн.

Өдөр өнжүүлэхэд  мэргэжлийн нохой сургагч болон амьтны эмч гээд 10-аад залуус ажиллаж байна. Харин өнөөдрийн хувьд долоон муур, 10 орчим нохой манай өдөр өнжүүлэхээр үйлчлүүлж байна" талаар мөн ярилаа.

Тус өдөр өнжүүлэх "цэцэрлэгт явах"-аар ирж байгаа амьтдаас шинжилгээ авдаг гэнэ. Нохойны элдэв янзын олон төрлийн өвчин байдаг учраас бусдадаа халдаахгүйн тулд тест авдаг болохыг  “Doctor Ani”  эмнэлгийн эмч нь хэлж байв. Өдөр өнжүүлэх төвд ирсэн нохой, муурууд эхний  өдрөө эзнээ санадаг, харин 3-4 хоногт дасч эхэлдэг бөгөөд энэ хугацаанд анхан шатны сургалтыг зааж өгдөг байна. Мөн хүргэлтийн үйлчилгээтэй болж байгаа нь үйлчлүүлэгчийнхээ цаг завыг хэмнэж байгаа аж.

“Doctor Ani” амьтны нэгдсэн эмнэлгийн ажилтан Б.Тэмүүжинээс өдөр өнжүүлэх үйлчилгээний талаарх цөөн асуултад хариулт авсан юм.

-Амьтны нэгдсэн эмнэлэг байгуулсан гэхээр сонирхол төрсөн. Яагаад нэгдсэн эмнэлэг байгуулахаар болов?

-Хоёр жилийн өмнө гадаадад явж байгаад амьтны нэгдсэн эмнэлэг нээх санааг олж байсан. Манайд амьтны эмнэлэг гэхээр байрны доод талын подвальд эсвэл орон сууцны нэг, хоёр өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн хэмжээнд гэрийн тэжээвэр амьтны эмнэлэг маш цөөхөн.

Тэдгээр нь  эрүүл мэндийн  шаардлага, стандартыг  хангадаггүй учраас үүнд их эмзэглэдэг байсан. Тиймээс стандартын шаардлага хангасан мэргэжлийн эмнэлгээ нээсэн.

Манай эмнэлэг хоёр сарын өмнө байгуулагдсан учраас албан ёсоор нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Харин одоогийн байдлаар нохой, муурын өдөр өнжүүлэх болон салоны үйлчилгээг явуулж эхэлсэн.

Нохой, муурын өдөр өнжүүлэх үйлчилгээг нээсэн гэлээ. Амьтад хэр их үйлчлүүлж байна вэ?

-Өнөө үед  хүмүүс муур, нохойг гэр бүлийнхээ нэг  гишүүн гэж үздэг болсон. Нохой, муураа таньдаг айлд үлдээгээд явахад санаа зовоох асуудал их гардаг. Мөн алга болох эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс хайртай нохой муураа найдвартай, аюулгүй, эрүүл орчинд үлдээхийг хүсдэг. Эдгээр шалтгаанаас үүдэн энэ өдөр өнжүүлэх үйлчилгээг нээхээр болсон.

-Амьтны өдөр өнжүүлэх үйлчилгээг явуулахад ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу. Амьтад "цэцэрлэгт" явах хэр дуртай вэ?

-Манай орны хувьд амьтад нийгэмшээгүй байдаг. Бүгдээрээ өөрсдийнхөө төрлийн амьтдаас тусдаа гэрт хүмүүстэй амьдардаг. Өөрийгөө нохой эсвэл муур гэдгээ мэдэхээ больчихсон. Тэгээд манай өдөр өнжүүлэхэд ирээд адилхан амьтадтайгаа уулзахаараа бүгд ааш муутай таарахгүй байх нь бий.

Хоорондоо тоглодоггүй. Нэг бол зодолдоно. Тэгэхээр амьтад тэжээж буй хүмүүс нохой, муураа гаднах орчинтой танилцуулж, бусад амьтадтай хамт байлгаж сургах хэрэгтэй.

Өдөр өнжүүлэх төвд хандсан хүмүүс ямар хандлагатай байдаг вэ?

-Хүмүүсийн хандлага янз янз л байна. Хүмүүс "Та нар өдөр өнжүүлэх ажиллуулж байж яагаад хоол, идүүр, хөтөлгөөг нь нэхээд байгаа юм бэ. Өөрсдийнхөө юмыг хэрэглэж болдоггүй юм уу" гэж асуудаг.  Тэгж болно л доо. Гэхдээ амьтад маань нийгэмшээгүй байдаг учраас өөрсдийн хэрэглэж сурсан хоол, идүүр хэрэгслээ нэхээд байдаг. Хоол холих юм бол ходоод гэдэс  нь өвдөх гэх мэт олон асуудал гарах эрсдэлтэй.

Байшингийн буланд хоёр муур өөд өөдөөсөө харан сууж байна. Хоорондоо огт тоглохгүй, тоглохоороо зодолдох маягтай. Гэртээ ганцаараа "эрхэлж" өссөн амьтдын хувьд нийгэмшээгүй, тиймээс бусадтайгаа таарч тохирдоггүй бололтой. Ялангуяа хөгшин муурнууд яхир зантай байдаг. Зулзаган, залуу муурнууд нь харьцангуй эвтэй байдаг гэнэ. Харин ноход хэцүү. Торон дотроо тусад нь байлгахгүй бол зодолдоод салдаггүй аж. Харин өдөр өнжүүлэхэд явахын хэрээр  муур, нохойнууд нийгэмшиж, өөр хоорондоо хөөцөлдөн тоглодог болохыг ч тус эмнэлгийнхэн өхөөрдөн ярьцгаах.

Ani гэх муур тус эмнэлгийн дархан эрхтэй амьтан болжээ.  Сахилгагүй жаал шиг тэр муур анх эмнэлгээ барьж байх үед нь өөрөө гүйгээд ирсэн гэнэ. Jajа эмээ гэж хөгшин нохойг тэд "Азтай савар"-аас авчээ. Хүний насаар бол 60-тай тэр нохой эмнэлгийнхээ хашаанд чөлөөтэй явах нь харагдав. Анх гудамжинд ядарч, зовж явахад нь "Азтай савар"-ынхан олж, авах хүн байгаа эсэхийг сураглажээ. Тус эмнэлгийнхэн түүнийг "үрчилж" авснаар хөгшин нохойд буян болсон гэлтэй.  Иргэд нохойгоо ихэвчлэн 3-10 хоногоор харуулдаг гэнэ. Эзэд орхиод явахаар яг л цэцэрлэгийн хүүхдүүд шиг амьтад уйлж, орилоод сүйд болдог аж. Тэд эздээ хаяж явж байна гэж боддог болохыг амьтан сургагч хэлэв.  Эзэд нь авахаар ирэхээр бөөн баяр болдог болохыг ч ярилаа.

Тус эмнэлгийнхний зүгээс гэрийн тэжээвэр амьтадтайгаа үүхэдтэй харилцаж байгаа юм шиг харилцахыг зөвлөж байна. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаардаг шиг нохой, муураа ч зөв хүмүүжүүлэхгүй бол зарим амьтад зан араншингийн хувьд багагүй доголдолтой хүн рүү хуцаж дайрах, самардах нь ч байдаг аж.

Тус эмнэлгийн хувьд муур, нохойг  30 мянгаар хардаг гэнэ.  Энэ төлбөрт үс засах, хумс авах зэрэг үйлчилгээ багтдаг юм байна.  Ийнхүүамьтдын өдөр өнжүүлэх эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг болсон байна.

Б.УНДРАМ, Д.НАМУУНЦЭЦЭГ

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж