XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын бурхны шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран даншиг наадмыг сэргээн 2015 онд хийж байв.
Даншиг наадмаар лам нар сүсэгтэн олонд зориулан ном хурж, соёмбот туг залах ёслол, мандал өргөх ёслол, Очирваань шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, хүрээ цам харайх ёслол, маань татах, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний шагайн харваа, лам нарын тэмцээн, урлагийн тоглолт, аялал жуулчлалын үзэсгэлэн зэрэг олон үзвэр үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг билээ.
Эндээс хамгийн сонирхолтой нь хүчит бөхийн барилдаан. Учир нь бөхчүүдийг цол харгалзахгүй сугалаагаар барилдуулдаг уламжлалтай. Зарим хүмүүс найраагүй наадам ч гэж хэлдэг. Мөн даншгийн цол олгодог.
Тэгвэл энэ жил хэн даншиг наадамд түрүүлэх вэ? Өмнөх жилүүдийг эргэн саная.
2015 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр – Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэн, даншгийн заан цол
- Их шөвөг – Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж нар үлдэж, даншгийн өсөх идэр начин цол
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг.
2016 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
- Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол
Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодров.
2017 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
- Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол
Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болов.
2018 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
- Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол
Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.
2019 он
- Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол
Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.
Түрүү, үзүүр хүртсэн аймгуудыг тухайд Архангай аймаг 2015, 2016, 2017, 2018 онуудад түрүү хүртсэн. Харин Хөвсгөл аймаг 2019 онд сүүлийн даншгийн түрүүг хүртэж байлаа. Мөн Завхан, Булган, Говь-Алтай, Ховд, Баянхонгор зэрэг аймгууд тус бүр нэг үзүүртэй.
Даншиг наадамд амжилт үзүүлсэн бөхчүүд дараах шагналыг хүртдэг. Тухайлбал, даншигийн аварга цолтны болзол хангавал 60 сая төгрөг, арслан цолтны болзол хангасан бөхөд 50 сая төгрөг, чимэгтэй заан цолтны болзол хангасан бөхөд 30 сая төгрөг, заан цолтны болзол хангасан бөхөд 25 сая төгрөг, чимэгтэй начинд 20 сая төгрөг, начин цолтонд 15 сая төгрөгийн бай шагнал олгодог гэнэ.
"Хүрээ цам – Даншиг наадам 2022" наймдугаар сарын 6, 7- ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхэлнэ.
Барилдаанд барилдах бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалттай тул бөхчүүдийг өнөөдөр/2022.08.03/ 11:40 цагаас 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны заланд биеэр бүртгэж, сугалааг хийнэ. Зарим шинэхэн улсын цолтнуудын найр, наадам ирэх амралтын өдрүүдээр тохиож байгаа учир барилдах боломжгүй аж. Гэхдээ бусад нь шинэ цолтойгоо анхны барилдаандаа зодоглох боломжтой. Мөн улс, аймгийн алдар цолтой том бөхчүүд ч ирж зодоглох биз ээ.
Холбоотой мэдээ