“Бусадтай хүүхдээ харьцуулах нь дутуу, дулимгийн мэдрэмж өгдөг"

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

“Бусадтай хүүхдээ харьцуулах нь дутуу, дулимгийн мэдрэмж өгдөг"

“Бусадтай хүүхдээ харьцуулах нь дутуу, дулимгийн мэдрэмж өгдөг"

Ахлах ангийн сурагчдын санааг чилээдэг хамгийн том сорилт бол мэргэжил сонголт байдаг. Тэр дундаа намрын улирал хаяанд ирсэн энэ үед төгсөх ангийн сурагчид ямар мэргэжилтэй болох вэ гэсэн асуулттай нүүр тулдаг. Тэгвэл “Монгол билэг” сэтгэл судлалын төвийн, гэр бүлийн сэтгэл судлаач Б.Алтанзагастай ахлах ангийн сурагчдын сэтгэл зүй болон мэргэжил сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа.


Сурагчид дунд ангиа төгсөөд ахлах ангид орох үед айдас түгшүүрт автах нь байдаг. Энэ айдас түгшүүрийг яаж давах ёстой юм бэ?

-Ахлах ангид дэвшин суралцах үед хүүхдүүдэд мэргэжил сонголттой холбоотой айдас, түгшүүр нэмэгддэг. Үүнээс үүдэн илүү хариуцлагатай байж өөрийн гэсэн зорилго мөрөөдлөө олох хэрэгтэй гэсэн дарамтыг өөртөө үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж эхэлдэг. Тиймээс автоматаар айдас, түгшүүр үүсдэг гэсэн үг.

Хувь хүнээс илүүтэйгээр тухайн хүүхдийн амьдарч буй орчин, эргэн тойрны хүмүүсийн туслалцаа маш чухал байдаг. Хүүхэд нь ахлах ангид орох үед гэр бүлийнхэн нь хүүхдэдээ өндөр шаардлага тавьж эхэлдэг. Жишээлбэл, цагийг дэмий өнгөрүүлж болохгүй, үргэлж хичээлээ хий, шинэ хэл сур, өөрийгөө хөгжүүл гэж хэлдэг.  Энэ нь тухайн хүүхдэд маш их дарамт болдог. Мөн хүүхэд өөртөө цаг гаргаад хувийн орон зайгаа бий болгож байхад эцэг эхчүүд юм хийхгүй дэмий сууж байна гэж хардаг.

Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд өөрсдийнхөө өнцгөөр харж, түүнийгээ хүүхдэдээ тулгадаг. Тэгэхээр тухайн хүүхдийн өөртөө үүсгэсэн сэтгэлийн түгшүүрээс гадна эцэг эхийн шаардлага нэмэгдсэнээр стресс, дарамт болж хувирдаг. Тиймээс гэр бүлийнхний зүгээс давхар шаардлага нэмэхгүй байснаар эдгээр сөрөг мэдрэмж багасна.

Эцэг эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулах хандлагатай байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг шүү дээ?

-Тийм, бусадтай хүүхдээ харьцуулах нь дутуу, дулимгийн мэдрэмжийг өгч байдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, онцгой чадамжтай байдаг. Хүүхдээ бусадтай харьцуулах нь өөрийнхөө хүүхдийн давуу тал, онцгой байдлыг таньж чадаагүйтэй холбоотой. Үүнээс үүдэн хүүхдүүд өөртөө итгэлгүй, сул дорой болдог. Ингэснээр ухамсаргүйгээр өөрийгөө бусадтай харьцуулж сэтгэл зүйн гэмтлийг үүсгэдэг.

Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь хүүхдээ бусдаас сул доройгоор мэдрүүлэх явдал. Сул, дорой байдлыг мэдэрсэн хүүхэд өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийхдээ өөртөө итгэлгүй болж онцлог шинж чанараа ил гаргаж чаддаггүй. Ингэснээр буруу мэргэжил сонгох эрсдэлтэй.

Мэргэжил сонголтоо яаж зөв хийх хэрэгтэй вэ. ЕБС-аа төгсч буй хүүхдүүдийн хувьд аав ээж, ах эгчийнхээ зөвлөгөөг авах нь их. Харамсалтай нь, түүнээсээ болоод мэргэжлээрээ ажиллахгүй байх нь цөөнгүй?

-Маш энгийн асуултуудаас эхлэх хэрэгтэй. Хүүхдүүдээс сонирхол, сул тал, давуу тал чинь юу вэ гэж асуухад ихэнх хүүхдүүд хариулж чаддаггүй. Эдгээр хүүхдүүд өөрийгөө таньж мэдээгүй байгаа гэсэн үг. Тиймээс тодорхой аргачлалын тусламжтайгаар хүүхдэд өөрийг нь таниулдаг. Ингэхийн тулд хамгийн түрүүнд чиний үнэ цэн юу вэ, чи яагаад өөрийгөө үнэ цэнтэй хүн гэж боддог вэ гэх мэт асуултыг асуудаг.  Энэ үед хүүхдүүд би ийм давуу тал, шинж чанартай учраас би үнэ цэнтэй хүн гэж өөрийгөө зөвөөр тодорхойлж эхэлдэг.

Хоёрдугаарт, хүүхэд өөрийнхөө зан чанарыг тодорхойлох хэрэгтэй байдаг. Хүүхдийн зан чанар ирээдүйн мэргэжилд нь их нөлөө үзүүлдэг. Гуравдугаарт, сонирхол хоббиг нь  маш сайн тодорхойлж өгснөөр хүүхдүүд эдгээр асуултынхаа хариултыг олдог. Хамгийн сүүлд нь эртэч шувуу юу, шөнийн шар шувуу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр өглөө, орой хоёрын алинд нь илүү бүтээлч сэтгэлгээтэй байдаг вэ гэдгээ мэддэг. Хамгийн сүүлд нь давуу талаа мэдэх хэрэгтэй. Хүн өөрийнхөө сул талыг бусдын давуу талтай харьцуулж хараад байдаг Тэгэхээр бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх хэрэгтэй. Эдгээрийг мэдсэнээр хүүхэд өөрийгөө зөв тодорхойлж сурна.

Мэргэжил сонголт хийхэд мөнгө олдог мэргэжил сонгох уу эсвэл дуртай мэргэжлээ сонгох уу гэж хүүхдүүд эргэлздэг. Та үүн дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хувь хүн талаас өөрийн дотоод мэдрэмж маш чухал байдаг. Өндөр цалинтай  ч дургүй зүйлээ хийвэл тухайн ажлаасаа таашаал авдаггүй бөгөөд сэтгэл ханамж муу байдаг.

Харин дуртай зүйлээ бага цалинтай хийх нь тухайн хүнд асуудалтай санагдагдаггүй. Дуртай зүйлээ хийж байгаа хүмүүс сэтгэл ханамж өндөртэй байдаг. Тиймээс хүүхдийнхээ сонирхлыг дэмжих нь хамгийн зөв.

-Мэргэжилээ сонгохдоо тухайн мэргэжлийг маш сайн задалж судлах хэрэгтэй. Хүүхдүүд ихэвчлэн ерөнхий зүйл ярьдаг. Багаасаа эмч болно гэж мөрөөддөг байсан учир эмч болно гээд. Яг юуны эмч болох вэ гэдгээ нарийн судалж, тэр нь ямар онцлогтой вэ, тухайн хүүхдийн зан чанартай тохирч байна уу гэх зэргийг нарийн сайн мэдэх хэрэгтэй байдаг. Сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүд маш биеэ даасан болж эхэлсэн. Үзэл бодолдоо бат зогсдог, өөрийн гэсэн хувийн орон зайгаа бий болгож чаддаг,  илүү бүтээлч сэтгэлгээтэй болсон.

Тиймээс өөрийнхөө юунд дуртай, юу хийж чаддаг гэдгээ илүү сайн мэддэг. Энэ нь мэргэжлээ зөв сонгоход маш тустай зүйл юм.

                                                                                                                                                               Д.Намуунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж