Абэгийн улс төрд уянгын халил хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Абэгийн улс төрд уянгын халил хэрэггүй

Абэгийн улс төрд уянгын халил хэрэггүй

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ өнгөрсөн сарын 8-ны өдөр сонгуулийн кампанит ажлын үеэр буудуулж амь насаа алдсан. Түүний оршуулах ёслолыг бүхэлд нь засгийн газраас санхүүжүүлнэ гэж долдугаар сарын 14-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида хэлэв. Энэ шийдвэрийн зорилго нь Абэг дурсах, Японы ард түмэнд хүчирхийлэлд бууж өгөхгүй гэдгийг харуулах юм. Оршуулах ёслол есдүгээр сарын 27-нд товлогджээ.

Япон улс Номхон далайн дайнд ялагдал хүлээсний дараа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ёшида Шигэрүг нас барахад төрийн оршуулах ёслол хийсэн. Энэ нь аль 1967 оны явдал тул Абэгийн оршуулах ёслолын тухай мэдэгдэл тун онцгой байв. Тухайн үед эл шийдвэр нь хууль эрх зүйн тодорхой үндэслэлгүй байсан тул мөн л маргаан дагуулсан.

Ёшида Шигэрү нь 1952 онд Японы тусгаар тогтнолыг эргүүлэн олж авахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Түүнийг оршуулахад эрх баригч Либерал ардчилсан нам ба засгийн газар хамтран ажиллаж, зан үйлийн тодорхой хэсгийг төсвийн хөрөнгөөр нөхжээ.

Ёшида Шигэрүгээс хойш Японы засгийн газар төрийн оршуулга хийхээс зайлсхийх болсон. Энэ нь сүм ба төрийг тусгаарлах зарчмыг зөрчиж байна гэх олон нийтийн эсэргүүцлээс зайлсхийсэн явдал юм.

Угтаа бол 1926 онд Төрийн оршуулгыг хуульчилсан. Гэвч уг зарлигийг хүчингүй болгожээ. Төрийн оршуулгын бүр анхны гарал үүслийг хөвөрдвөл Мэйжигийн эхэн үетэй холбогдоно гэж Чуоу их сургуулийн профессор Мияама Жуничи хэлсэн. Тухайн үед Мэйжигийн удирдагчид эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор төрийн оршуулга хийдэг байжээ. Түүнчлэн улсдаа зүтгэсэн хүмүүсийн ололт амжилтыг тодотгож, эсэргүүцэгчдийн дуу хоолойг дарах үр дүнтэй арга байсан.

Төрийн оршуулгын ёслолд хэн оролцох, хэрхэн явуулах талаар тодорхой хууль, дүрэм журам одоогоор байхгүй. Сүүлийн жилүүдэд ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн оршуулгын зардлыг Засгийн газар болон Либерал ардчилсан намынхан хувааж төлсөн гэх. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг ашигласан гэх шүүмжлэл дагуулаад буй. Төрийн оршуулгын хувьд засгийн газар бүх зардлыг хариуцдаг.

Зарим хүн Кишидагийн шийдвэрийг хуучинсаг үзэлтнүүдэд чиглэсэн гэж шүүмжилжээ. Кишида нь Абэгийн үед ахлах дипломатчаар таван жил шахам ажилласан. Тиймээс тэр Абэ нас барснаас хэдхэн хоногийн дараа доод албан тушаалтнууддаа эл шийдвэрийг дамжуулж, хуулийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

АБЭ ОДОО Ч ЯПОНЫ УЛС ТӨРД НЭН ЧУХАЛ ХҮН ХЭВЭЭРЭЭ

Кишида хэдий шийдэмгий байсан ч Японы ард түмэн Абэгийн оршуулах ёслолыг төр зохион байгуулах эсэх дээр хоёр хуваагджээ. “NHK” суваг санал асуулга явуулахад иргэдийн 49 хувь нь дэмжиж, 38 хувь нь эсэргүүцсэн байна.

Тэгвэл “FNN”-ээс явуулсан өөр нэг санал асуулгаар судалгаанд оролцогчдын 50.1 хувь нь дэмжиж, 46.9 хувь нь эсэргүүцжээ. Дээрх хоёр судалгааг харахад нийтлэг нэг зүйл байсан нь насны ялгаа байлаа. Тодруулбал, 20 гаран насны залуус төрийн оршуулах ёслолыг дэмжиж, ахмадууд үгүйсгэх хандлагатай байжээ.

Засгийн газрын шийдвэрийн дараа 200 орчим жагсагч эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцье”, “Абэгийн улс төрийг битгий романтик болго” гэж дуу хоолойгоо өргөсөн нь ерөнхий сайдын эсрэг гүн дайсагналыг илэрхийлж байна гэж үзжээ.

Санал асуулга болон гудамжны жагсаалаас харахад Абэ одоо ч Японы улс төрд нэн чухал хүн хэвээрээ аж. Тэр өөрийн биеэр байсан байгаагүй үндэстнийг хагаралдуулж ч мэдэхээр байгааг “The diplomat” хуудас онцлов.

ТӨРИЙН ОРШУУЛГА ХИЙХ БОЛСОН ШАЛТГААН

Оршуулгад гадаадын улстөрчид, нэр хүндтэй хүмүүс оролцоно. Тодруулбал, 2500 орчим улс төр, бизнесийн удирдагч, гадаадын нэр хүндтэй хүмүүс оролцоно гэсэн тооцоо байна. Ерөнхий сайд Фүмио Кишида төрийн оршуулга хийх болсон шалтгаануудын нэг нь энэ гэж эх сурвалж мэдээлжээ.

Кишида засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно, эрх баригч намын дэд ерөнхийлөгч Таро Асо, мөн намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицү Мотэги нартай оройн зоог барьж, төрийн оршуулга хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Энэхүү уулзалтын дараа намын өндөр албан тушаалтан Абэгийн эхнэр Акигаас утсаар зөвшөөрөл авсан аж.

Улмаар засгийн газрын зөвшөөрлөөр төрийн оршуулгын ёслолыг үндэсний хэмжээний ёслол болгон хийх санаагаа Кишида хэвлэлийн бага хурлаар зарласан.

Хэвлэлийн бага хурлын үеэр Абэгийн ололт амжилтыг Кишида онцгойлон дурдсан. Тухайлбал, 2011 оны гуравдугаар сард зүүн Японы их газар хөдлөлт, цүнамигийн дараа Тохокү бүсийг сэргээн босгосон, АНУ-тай харилцаагаа бэхжүүлсэн зэрэг нь төрийн оршуулах ёслол зохион байгуулах шалтгаан мөн гэж тэр хэлжээ. Эрх баригч Либерал ардчилсан намын дарга асан Хироши Морияма ч мөн Кишидагийн санааг баталсан. Түүний ололт амжилт, олон улсын үйл ажиллагааг харгалзан үзвэл тэр үндэсний хэмжээний оршуулах ёслол хийлгэх эрхтэй хүн гэж хэлжээ.

Японы Коммунист намын дарга Казүо Ший эл оршуулах ёслолыг эсэргүүцсэн. Учир нь Абэгийн улс төрийн ололт амжилтын талаар олон нийт санал зөрөлдөөнтэй байгаа гэж тэр үзжээ. Сөрөг хүчний намын өөр нэг албан тушаалтан ч бас энэ үйлдлийг илт улс төржсөн гэж буруутгав.

Эх сурвалж: JAPAN TIMES, THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж