Зам засварын ажлууд намраас урьтаж дуусах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Зам засварын ажлууд намраас урьтаж дуусах уу?

Зам засварын ажлууд намраас урьтаж дуусах уу?

Зун дуусахаас өмнө замаа засч, зохиомол түгжрээ үүсгэхгүй байхыг иргэд хүсч буй. Сургууль, цэцэрлэг орохтой зэрэгцэн зам засварын ажил эхлүүлдэг үзэгдэл нийслэл хотод хэдийнэ жишиг болсон. Иргэдийн бухимдаж байгаа шалтгаан нь наадмын олон хоногийн амралтыг огт ашиглаагүй байж олны хөл ихсээд ирэнгүүт энд тэнд байршил заан ухаж эхэлдэг явдал.

Тэр ажил нь 3-5 хоногт дуусна гэж байхгүй. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс оронд шинэ замыг ойрын 10 жилдээ ахин засварлах шаардлагагүй гэж үздэг байна. Харин Монголд шинээр барьсан зам нь жил бүр нөхөөс тавьдаг гэхэд хилсдэхгүй.

Зөвхөн замаар ч зогсохгүй явган хүний зам, шугам хоолойн хэсгийг хүртэл давтамжтай шинэчлэх ажлыг иргэд ойлгодоггүй талаар цахим хуудастаа бичиж байна.

Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу хоёр байршилд замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Тодруулбал, "Макс Молл"-ын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрөөс гурав хоног хэсэгчлэн хааж засварын ажил хийж гүйцэтгэжээ.

Захирамжид тусгасан дараагийн зам бол Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх зам засвар зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийж эхэлсэн.

Ингэснээр иргэдэд хүндрэл учруулаад зогсохгүй түгжрээд ч болтугай төвд орж ирдэг байсан нийслэлийнхний уурыг барьж хөлтэй нь алхаж, зарим нь дугуй унаж байгаа бол нөгөө хэсэг нь Төв аймгийн замаар зорчиж байна.

Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлаас хүртэл мэдэгдэл гаргажээ. Яармаг чиглэлийн зам засварын ажил, нүхэн гарцтай холбоотой нислэгийн цагаас хоцрох иргэд ихэссэн учир Налайх, Чойр чиглэлээр зорчиж ирэхийг зөвлөсөн байна. Эдгээрээс гадна шугам, хоолойн засвар нэрийдлээр ухаад орхисон нүхнүүд ч их байгаа юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хэсэг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Бөхийн өргөө хэсгийн явган хүн, дугуйн зам засвар, шинэчлэлтийн ажил зэрэг дутуу орхисон бүтээн байгуулалт их буй. Гэвч ажил нь яваад байна уу гэхээр гүйцэтгэл огт байхгүй өдөр бүр хэвээрээ шахуу байгаа нь сонирхолтой.

Хэдийгээр дулааны улиралд багтаж зам засварын ажил хийх ёстой ч нийтийн өмч бол нийтийнх байх ёстой. Атал холбогдох удирдлагууд нь намрыг урьтаж шийдвэр захирамж гарган урсгал засвар, замын шинэчлэлтийг хийлгэхээр болдог нь иргэнээ бодоогүй нэг шийдвэр.

14 БАЙРШЛЫН ЗАМУУДЫН ДУУСААГҮЙ ЗАСВАРЫГ НАМРААС ӨМНӨ ДУУСГАНА

Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засч, шинэчлэхээр болсон. Одоогийн байдлаар зарим байршилд шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, үлдсэн байршилд засвар, арчлалтын ажил үргэлжилж буй юм. Тухайлбал, С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар, Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар, хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл гэсэн гурван байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын болон бусад хэд хэдэн байршилд замын ажил бүрэн дуусаад байгаа аж.

Нийслэлийнхний 76 хувь аз жаргалтай байна гэдэг албан бус судалгаа гарсан ч 50-аас дээш хувь нь түгжрэлээс үүдэж стресстдэг гэх мэдээлэл бий. Ийн иргэдээ цухалдуулахын оронд эртхэн шийдвэр гаргаж засварын ажлаа эхлүүлж хэвших хэрэгтэй.

Гэхдээ энэ жилийн дулаан цаг өнгөрч буй учир одоо эхлүүлсэн ажлаа хэт ачааллаас өмнө дуусгаж чадвах авто замд зохиомол түгжрэл ядаж үүсэхгүй байх боломжтой. Тиймээс эхлүүлсэн ажлаа заасан хоногтоо багтаж дуусгах, бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд нь хяналт тавих хүн хүч ч шаардлагатай. Ингэж байж нөхөөсийн ажлууд дуусч, иргэд ч түгжрэлгүй зорчих боломж бүрдэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж