Герман Улсын иргэн, уулын алдарт дугуйчин Гидо Кунзе өнөөдөр /2022.08.02/ Монгол Улсад ирлээ. Тэрбээр Монгол Улсын баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйтай аялал хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж, Гиннесийн номонд бичигдэх зорилготой аж. Гидо Кунзегийн хувьд өмнө нь Австралийг баруунаас зүүн тийш, Чилийн Атакама цөл дэх Ожос дэ Саладо уулыг тус тус туулж, Альпийн нуруу, Хятадын цагаан хэрэм дээр дугуйгаар аялжээ.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Мөн хувийн бэлтгэл нь хэр хангагдсан бэ? Монголын цаг уур, байгалийн талаар хэр судалсан бэ?
-Уур амьсгалын тухайд нарийн судлаагүй. Гайхсан зүйл гэвэл Монголыг ийм дулаахан гэж төсөөлсөнгүй. Хүн бүрийн мэдрэмж өөр байгаа. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хүлээж авах байх.
-Австрали, Хятад, Чили дэх аялалтай харьцуулахад Монголын аяллаас та юу хүлээж байна вэ?
–Би Америк, Австрали, Чилиэр аялж байсан. Монголын хувьд хүн ам цөөтэй, хөдөө хэдэн цагаар ч явсан хүнтэй таарахгүй байх магадлалтай. Тиймээс энэ аяллаараа Монгол орныг сайхан үзүүлэх боломжтой. Энэ нь ч аялал жуулчлалыг хөгжүүлэх болов уу гэж бодож байна.
-Дугуйчин хүний хамгийн сайн найз дугуй. Дугуйныхаа талаар танилцуулна уу?
-Энэ бол худалдаанд гардаг загвар биш. Энэ аялалд зориулан хийлгэсэн дугуй. Электрон эд анги байхгүй. Яг гар аргаар үйлдвэрлэсэн. Хөдөө явахад ганцхан л сэлбэг байна. Тэр нь тросс. “Шимано”-д би бүрэн итгэдэг. Олон жил хэрэглэж ирсэн. Маш хөнгөн хийцийн дугуй. Дугуй нь дотроо олгой хаймаргүй. Дотроо тусгай шингэнтэй. Ашиглаж байгаа шалтгаан нь гэвэл Монголын газар нутгийн зам нь эрс тэс нөхцөлтэй. Засмалаар явж байгаад хайрга, элс рүү ордог. Байгалийн нөхцөлд тохируулж, хийлгэсэн дугуй байгаа юм.
Холбоотой мэдээ