Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас "E-Mongolia" aппликейшн ашиглан хийх гэнэ. Таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдана. Түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжгүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй бол хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг албаныхан мэдээлж байна.
Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу БШУЯ-нд ажлын хэсэг хуралдсан бол нийслэлд дэд ажлын хэсэг байгуулах талаар хуралджээ.
Өнгөрсөн зургадугаар сарын 1-ний тооцооллоор 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байна. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд. Тэдний 22 мянгыг нь одоогоор цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн талаар салбар яамнаас мэдээлж буй. Энэ асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.
Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?
- Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв (Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авна)
- Шаардлага хангасан байр түрээслэж байна
- Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
- Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
- Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
- Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ
- Хамран сургах тойргийг шинээр тогтоов
- 1000 туслах багшийг бэлтгэв
- Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
- Төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангаж эхлэв
- Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд нягт хамтран ажиллаж байна
Холбоотой мэдээ