“Даншиг наадам-Хүрээ цам 2022” талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
Жил бүр зохион байгуулдаг Даншиг наадам ирэх амралтын өдрүүдэд болно. Коронавирусийн улмаас манай улсад аялал жуулчлалын компаниуд маш хүнд нөхцөлд орсон. Үүнтэй холбоотойгоор тэдний үйл ажиллагааг дэмжихэд Даншиг наадам маш чухал ач холбогдолтой. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эл наадмыг соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлж, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн. 2015-2018 онуудад нийслэл, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулсан. 2018 онд долоо хоногийн өмнө олон улсад эл наадмын тухай зарлахад 2500 жуулчин ирж байсан. Энэ нь аялал жуулчлалын салбарт төдийгүй эдийн засагт ч үр өгөөжөө өгч байсан. Энэ жилийн хувьд оны эхнээс эл наадмыг олон улсын хэмжээнд зарласан. Одоогийн байдлаар Монголын аялал жуулчлалын түр оператор таван компанийн захиалга баталгаажсан бөгөөд 150 жуулчин захиалга өгөөд байна. Нэг жуулчнаас гарах зардлын хэмжээ дунджаар 2500 ам.доллар байна. Мөн Нийслэлийн засаг даргын зөвлөлөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2022 онд хийх урлаг соёлын 36 үйл ажиллагааг хийхээр батласан байгаа. Үүний нэг нь Даншиг наадам юм.
256 хүчит бөх барилдаж, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна. Лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээнүүд хөтөлбөртөө багтаасан байгаа. Цаашдаа нийслэлээс Даншиг наадмыг Азийн Буддистуудын цугладаг томоохон наадам болгож хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан Мэдээллийн төвийг Хүй долоон худагт ажиллуулахаар төлөвлөсөн.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч. Бямбажаргал:
Цам харайх ёслолд сүсэгтэн олон маань ирж ажил үйлсээ даатган, эрүүл мэндийнхээ төлөө залбирах нь зүйтэй юм. Энэхүү боломжийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Төв Гандагтэгчэнлин хийд хамтран зохион байгуулснаар сүсэгтэн олондоо үзэх харах, сүсэглэн залбирах боломжийг олгож байна.
Б.Ундрам