"Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири Ням гаригт Афганистанд АНУ-ын цэргүүдийн дроны цохилтод өртөн нас барсныг Жо Байден мэдэгдлээ. Тэрбээр Афганистаны нийслэл Кабул хотод Тагнуулын төв газраас явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр амь үрэгджээ. Байден хэлэхдээ, "Завахири нь Америкийн иргэдийн эсрэг аллага, хүчирхийллийн ул мөрийг сийлсэн хүн. Одоо шударга ёс тогтож, террорист удирдагч байхгүй болсон" гэв. Мөн терроризмын эсрэг төлөвлөгөөг олон сар боловсруулсаны эцэст үр дүнгээ өгсөн гэдгийг Жо Байден онцоллоо.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, Завахири байшингийн тагтан дээр байсан бөгөөд дроноор хоёр удаа пуужин харвахад өртөж нас баржээ. Завахиригийн гэр бүлийн бусад гишүүд гэмтэл аваагүй.
Завахири 2011 онд Осама Бин Ладеныг нас барсны дараа Аль-Каидагийн удирдлагыг авчээ. Тэрээр Бин Ладентай хамт есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын "хамгийн их эрэн сурвалжлагдаж буй террористуудын" нэг байсан юм. Түүнийг хөнөөсөн нь 2001 оны Ихэр цамхагийн халдлагад өртсөн хохирогчдын ар гэрийнхэнд тайтгарал болно гэж Байден ярив. Айман аль-Завахири нь Аль-Каидагийн гол тархи нь байсан гэхэд болно. Бин Ладеныг АНУ хайж олоход арван жил зарцуулсан юм.
Талибаны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын ажиллагааг олон улсын зарчмуудыг илт зөрчиж байна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч АНУ-ын албаныхан энэхүү ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж батлаад байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ