Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч өчигдөр /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан. Тус ангийн шинэ барилгын төлөвлөгөөт ажлаа хийх явцад өдөр осол гарч, нас барлаа. Тухайн байлдагч гурав дахь жилдээ алба хааж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгдөг инженер нь өөрөө байсан. Тэрээр өглөө бүр алба хаагчдад аюулгүйн зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зурж, өдрийн ажлыг талбайн инженерүүдэд хуваарилж өгдөг байсан.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ар гэрийнхэн нь бүгд мэдэж байгаа" гэв.
Өмнө нь дотоодын цэргийн штабаас 05 дугаар ангийн цэрэг өнгөрсөн зургадугаар сард харамсалтайгаар нас барсан талаар албаныхан мэдээлэл хийж байв. Тэр үеэр Дотоодын цэргийн штабын дарга хурандаа Р.Чингис мэдээлэхдээ "Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч энэ оны зургадугаар сарын 17-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийн хүмүүст нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 05-р ангид байлдагчаар ирсэн. Зургадугаар сарын 15-ны өдөр болсон Тангараг өргөх ёслолын ажиллагааны дараа ар гэрийхэн нь ирж эргэсэн. Түүнээс хойш болсон харамсалтай явдлыг зургадугаар сарын 16-ны өдөр 05-р ангиас надад мэдэгдсэн. Байлдагчийн гэр бүлийн гишүүд, нагац ахтай зургадугаар сарын 17-ны өдөр уулзсан. Бүх талаар тусална. Бидний зүгээс ямар ч тохиолдолд хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэж үзэн, миний бие Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектийг хариуцсан хэлтэст бичиг өгсөн. Мөрдөн байцаах ажиллагаа шууд эхэлсэн. Ар гэрийхэн нь мөн СХД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байсан" тухай ярьж байв.