Хөндүүр сэдэв: Хариуцлагагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцьё!

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Хөндүүр сэдэв: Хариуцлагагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцьё!

Хөндүүр сэдэв: Хариуцлагагүй эцэг эхчүүдэд хариуцлага тооцьё!

Монголд хууль байдаг ч эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой тусгаагүйгээс хүүхэд санамсар болгоомжгүйгээр амь насаа алдах, осолдож, эндэх тохиолдлын тоо буурахгүй байна. Тиймээс хариуцлага гэдэг зүйлийг хуульчлах ёстойг ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга М.Цогтбаатар өнгөрсөн зургадугаар сард болсон "Гэр бүл-Хамтын үүрэг" хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Тухайлбал, Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааг зохицуулагч суурь хуулиудын нэг. 1999 онд батлагдсанаас хойш долоон удаа нэмэлт өөрчлөлт орсон ч 23 жилийн дараа шинэчлэх гэж байна. Энэ нь маш олон асуудлыг агуулсан зангилаа, суурь бүхий хууль. Өнгөрсөн хугацаанд нийгмийн харилцааг зохицуулж байсан энэ хуульд бусад зарим асуудлыг тусгах, өмнө нь хуульд тусгаагүй хуулиар зохицуулах шаардлагатай зүйлс гарч ирж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд зайлшгүй шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор ХНХЯ, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллаж байгаа.

Шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллыг сайжруулах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой заахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээний заалтууд оруулахаар хэлэлцэж байна.

Гэр бүлийн тухай хууль олон оролцогч талтай, нийгмийн асуудлуудыг нэг дор агуулдаг учраас хэлэлцэх зүйл их, бусад хуультай харьцуулахад өргөн агуулгатай, дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт цар хүрээний хувьд том. Гэр бүл гэдэг сайн дурын үндсэн дээр бий болсон харилцаа учир үүний цаана хувь хүний хариуцлага, төлөвшил, боловсролын асуудал ч салшгүй холбоотой байдаг гэсэн юм.

Ийнхүү холбогдох яамд эцэг, эх болсон үүрэг, хариуцлагыг ухамсарлах тухай асуудлыг хуульд тусгах талаар хөндөж байна.

Учир нь хариуцлагыг чангатгаагүйгээс жилд дунджаар санамсар болгоомжгүй байдлаас үүдэж 100 гаруй хүүхэд ус, гал, зам тээврийн ослоор өөд болдог. Статистикаас харвал, сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд нас баржээ.

Тодруулбал, 2019 онд 49, 2020 онд 61, 2021 онд 51 хүүхэд амиа алдсан байна. Харин усны ослоор сүүлийн 10 жилд 280 хүүхэд энджээ. 2020 онд 33, өнгөрсөн жил 31, он гарснаас хойш 16 хүүхэд асран хамгаалагчийн хэнэггүйгээс харамсалтайгаар амь насаа алдаад байна.

Цаашлаад цоожтой хаалганы цаана бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн тоог нэмж тооцвол сэтгэл эмзэглүүлэм тоо гарах нь ойлгомжтой.

Томчуудын хариуцлагагүй, хаана, хаанаа хууль дүрэм, журмаа биелүүлдэггүй, ухамсаргүй хандлагын золиосонд олон хүүхэд амь, нас эрүүл мэндээрээ хохирч байна.

ХИЙЛДЭГ ЗАВЬ, ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ УСНЫ ОСЛЫН 80 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ

Сүүлийн жишээ гэхэд долдугаар сарын 31-ний өнгөрсөн Ням гаригт дөрвөн настай хүүхэд усанд живж, амиа  алдсан. Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага мэдээллийн дагуу  цагдаагаас шалгахад 4-5 насны хоёр хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, дөрвөн настай эмэгтэй хүүхэд усанд живж амь насаа алдсан харамсалтай явдал гарсан. Тэгвэл мөн усанд живж явсан таван настай хүүхдийг Онцгой байдлын алба хаагчидтай хамтран уснаас татан гаргаж амь насыг нь аварсан байна.

Сурагчдын амралт, аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбоотой эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол хэдийнэ тогтсон үзэгдэл мэт болох нь. Хүүхэд осолдож эндэхээр мэдээ гаргаад л өнгөрдөг хариуцлагагүй жишгийг халах хэрэгтэй. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр өнгөрсөн нэг сарын хугацаанд 10 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Батцоож “Сүүлийн үед усны осол нэмэгдэж байгаа. Ялангуяа хүүхэд багачууд усанд осолдох явдал байна. Хариуцлага алдсан хэдхэн хормоос усны осол бий болдог. Эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулаад хөдөө орон нутаг руу хүүхдүүдээ  аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа их явуулж байна. Үүнээс үүдэн хүүхдийн хараа хяналт суларсантай холбоотойгоор хүүхдүүд усны осолд их өртөж байгаа. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Аяны хүрээнд зохиож буй  нээлттэй өдөрлөгөөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа хэрхэн сайжруулах,  хэрэв осол гарсан тохиолдолд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх, хаана яаж хандах талаар мэдээллүүдийг иргэдэд өгч байгаа.

Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 570 орчим хүн амь насаа алдсаны 470 гаруй буюу 79 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь  нь хүүхэд байна.

Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна" гэв.

Мөн хүүхдийг харгалзах хүнгүйгээр голд  оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцлон анхааруулав.

Учир нь усны ослын 80 орчим хувь нь хийлдэг завь, гудас, хайхрамжгүй байдлаас үүддэг аж.

Усны ослоор амь насаа алдагсдын шалтгаан нөхцөлийг нь тодруулбал хүүхдээ хараа хяналтгүй орхисон, амралт зугаалгаар явах үедээ гол, нуурын усанд орсон, архидан согтуурсан, малчид үертэй болон ус ихтэй үед гарамгүй газраар гол гаталсан зэрэг шалтгаантай байна. Тиймээс ахуйн хүрээний эрсдэлийг харгалзаж эцэг, эхчүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэйг албаны хүмүүс зөвлөж байна. Агаарт гарах нэрийдлээр алтан амиа алдах хүүхдүүдийн тоог аав, ээжүүд нэмэхгүйн тулд сонор сэрэмжтэй байх нь хамгаас чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж