Монголын нийт хүн амын 40 гаруй хувь нь ямар нэгэн төрлийн харшилтай гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийн цаана оношлогдоогүй, шинж тэмдэг нь илэрсэн ч эмнэлгийн байгууллагад ханддаггүй олон хүн бий. Тэгвэл сүүлийн үед шарилжны харшилтай хүмүүсийн тоо ихээр нэмэгдэх болсон. Үүнтэй холбогдуулан “Астма” эмнэлгийн хүүхдийн харшлын эмч Т.Золжаргалтай хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар шалтгааны улмаас шарилжны харшилтай болж байгаа талаар ярилцлаа.
–Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Ганцхан Монголд ч биш дэлхийн бусад орнуудад харшлын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Олон улсад харшлыг хотжилтын өвчин гэж тодорхойлдог. Учир нь хүмүүс хэт суурин амьдралын хэв маягт шилжиж байгаль, өвс ургамалтай ойртохгүй байгаагаас харшил үүсч байна.
Хоёрдугаарт, бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой. Өмнө нь илүү органик, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан.
Харин одоо химийн найрлага агуулсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зөрчигдсөнөөр харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа.
–Шарилжны харшилтай хүмүүс их болж байна. Энэ харшлын талаар мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт, шарилжны харшил удамших нь их байна. Жишээлбэл, эмээ, өвөө, эцэг, эхийн аль нэг нь шарилжны харшилтай бол хүүхдэд удамших тохиолдол нэмэгдэж байгаа. Хоёрдугаарт, дээр дурдсанчлан хотжилттой холбоотой. Бүтэн гурван улирал дөрвөн хананы дунд амьдраад, ганцхан зуны улиралд байгальтай ойрхон байх нь харшилтай болгох өндөр магадлалтай байдаг.
Учир нь хүний биед өмнө нь амьсгалж байгаагүй ургамлын тоосжилт орж ирвэл харшлын урвал идэвхжиж, хэтэрхий гажуудаж хүлээж авдаг учраас шууд харшил үүсгэдэг.
–Харшлаа сэдрээхгүй байхын тулд яах ёстой вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэг болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Нэгдүгээр урьдчилсан сэргийлэлт нь шарилжны харшлыг өдөөгч хот орчмын хогийн ургамлыг устгах. Тэдгээрийг долоо болон наймдугаар сарын эхний тав хоногт тоосоо гөвөхөөс нь өмнө хадах ёстой байдаг. Мөн хот орчмоор мод, ногоон ургамлын тоо нэмэгдвэл агаар дахь хогийн ургамлын тоосжилт багасч, шинээр харшилтай болох магадлал буурна.
Харин нэгэнт харшилтай болсон хүмүүст илрэх шинж тэмдэг нь багасдаг. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь шарилжны харшлын шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр нэмж хүндрэхгүй бөгөөд өөрт тохирсон зөв бөгөөд үр дүнтэй эмчилгээг авна.
-Шарилжны харшлаа хүндрүүлэхгүйн тулд дархлаагаа дэмжих хэрэгтэй юу?
-Шарилжны харшил нь өөрөө дархлааны гажуудлаас болж үүсдэг. Тиймээс харшлын улирал эхэлсэн үед дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх нь харшлыг улам сэдрээж зовуурийг нэмдэг.
Харин дөрөвдүгээр сард урьдчилан сэргийлэх вакцин хийдэг. Үүнийг хийлгэснээр харшлын улирлын үед илрэх шинж тэмдэг нь буурдаг эерэг нөлөөтэй.
-Өөрсдөө дур мэдэн эм тариа авч хэрэглэх нь зөв үү?
-Сайн гэсэн болгоныг авч хэрэглэх нь буруу. Учир нь хүн бүрт харшлын өөр шинж тэмдэг, зовуурь илэрдэг. Тиймээс тухайн эм бэлдмэл харшлыг улам сэдрээж байх магадлалтай. Мөн ихэнх хүмүүс гормоны тариаг нэгэндээ зөвлөдөг. Гормоны тариа нь алсдаа гаж нөлөө ихтэй байдаг.
Жишээлбэл, яс сийрэгжинэ, болор цайна, ходоод болон бүдүүн шулуун гэдэсний шархлаа үүсгэдэг. Бүдүүн шулуун гэдэсний шархлаа нь цаашлаад хавдар болох магадлалтай. Тиймээс дур мэдэн хүчтэй эм тариа хэрэглэхгүй байх нь зөв.
–Шарилжны харшил хүндэрвэл юу болох вэ?
-Шарилжны харшил хүндэрвэл астма болдог. Астма гэдэг нь гуурсан хоолойн багтраа буюу амьсгал дамжуулах зам хөөж хавагнаж амьсгал авч чадахгүй боож, бачуурах шинжээр илэрдэг.
–Шарилжны харшилтай хүнд хориглодог хоол хүнс бий юу?
-Тийм ээ, байгаа. Тарвас, хулуу, цитрусын төрлийн жимс, даршилсан бүтээгдэхүүн, айраг, саам зэргийг харшлын улирал эхэлсэн үед хэрэглэхгүй байх ёстой. Сүүлд гарсан жишээг дурдвал, шарилжны харшилтай хүн айраг хэрэглэж болохгүй гэдгээ мэддэг хэрнээ уучихсан. Улмаар тухайн хүн шокын байдалд орсон тохиолдол гарсан. Шокын байдалд орвол артерийн даралт багасах, ухаан балартах, хоолой боож ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Холбоотой мэдээ