Ямар ч цолтой, аль ч нутгийн бөх хүссэн наадамдаа барилдах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Ямар ч цолтой, аль ч нутгийн бөх хүссэн наадамдаа барилдах эрхтэй

Ямар ч цолтой, аль ч нутгийн бөх хүссэн наадамдаа барилдах эрхтэй

Улсын баяр наадмын шуугиан намжаагүй байхад залгаад аймгуудын баяр наадмууд асуудал дагуулав. Тодруулбал, Хөвсгөл, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгийн хүчит бөхийн барилдаан өнгөрөгч өдрүүдийн гол анхаарал татсан үйл явдал байлаа.

Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан эхлэхээс өмнө наадамчин олон залуу, сумын цолтой бөхчүүдийг бүртгээгүйд уурлаж, улсын цолтнуудаа барилдахгүй байхыг шаардсан. Зарим хүн улсын арслан Ц.Содномдоржийг бусдыгаа дарамталж, эгчийнхээ хүүг аймгийн цолонд хүргэх гэж найраа, будилаан хутгаж байна гэж хардсан. Энэ нь эцэстээ зөрчилдөөн болж, асраа нурж, Ц.Содномдорж руу ундааны сав шидэх хүртлээ муудалцсан юм.

Тэгвэл шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.7-д “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий.

Дээрх хуулиараа Ц.Содномдорж арслан Хөвсгөлд ч тэр, Багануурт ч тэр ямар ч маргаангүй барилдах эрхтэй. Гэвч наадамчин олон, наадмын зохион байгуулагчид хуулиа мэдэлгүй, баримталж чадалгүй ганц Хөвсгөлд ч гэлтгүй бусад аймгуудад асуудал үүссэн.

Хөвсгөлийн наадам бүртгэлээсээ маргаан дагуулсан. Улсын заан Б.Соронзонболд Дундговийн наадамд ид барилдаж байх үеэрээ Хөвсгөлийн наадамд бас бүртгүүлчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, нэг өдөр Хөвсгөл, Дундговийн наадамд зэрэг барилдахаар болчихсон байсан. Орон зайд шилждэггүй л юм бол энэ нь ямар ч боломжгүй. Ингээд нэг залуу бөхийн боломжийг хулгайлж байх жишээтэй.

Барилдаан эхэлж, Ц.Содномдорж арслангийн дүү залуу бөх Б.Адъяасүрэн томчуудыг "нураасан". Энд ахынх нь нөлөө орсон гэж хөвсгөлчүүд бухимдсан хэрэг. Б.Адъяасүрэн улсын өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй томчуудыг давсаар байгаад зургаагийн даваанд ахыгаа давж, үзүүр түрүүнд үлдсэн. Залуу бөхөөс шууд аймгийн цолонд хүрсэн нь хурсан олонд таалагдсангүй. Ингээд Ц.Содномдоржийг барьж идэх шахсан хэрэг. Хариуд нь арслан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Зарим аймгийн болон сумын цолтой залуус энэ бүх үймээнийг зохион байгуулсан. Чадлаараа цол авах хэрэгтэй. Ядаж улсад дөрөв давчихвал би тав дээр дэмжээд өгье. Даанч тийм бөх алга. Улсын цолтой хэд нь цолоо батал.  Нутаг орноосоо явж, бэлтгэл сайн хий. Б.Адъяасүрэн, Э.Батсуурь хоёрыг би цаашид бэлтгэх болно” гэж хэлсэн. Хатуу боловч үнэн үг.

Аваргыг давж аварга гэдэг шиг. Улсын цолтой бөх давж байж улсын цолонд хүрдэг жамтай. Нутгийнхаа ганган арслантай үнэн хүчээр нэгийгээ үзэхгүй, дэмжүүлэхийг хүсч байгаа бол улсын цолонд хүрнэ цаашаа аварга, арслан болно гэдэг юу л бол. Нөгөө талд Хөвсгөлөөс энэ жил түүхт 100 жилийн ойд тав давсан бөх Ц.Содномдорж арслангаас өөр байхгүй. Хүчтэнүүдийн өлгий гэгддэгч Б.Ганхуяг, Ч.Батчулуун, Ц.Сандагдорж зэрэг начин нь бүгд дөрөв дээр уначихсан. Ямар сайндаа л Ц.Содномдорж арслан долоогийн даваан дээр Хөвсгөлийн гаралтай Б.Орхонбаярыг дэмжих вэ дээ.

Эцсийн дүндээ Хөвсгөлөөс Э.Батсуурь гэх шинэ арслан төрсөн билээ.

Дорноговьд л бас Хөвсгөлтэй ижил асуудал гарсан. Улсын харцага А.Цацабширыг түрүүлсэнд олон хүн таатай хандаагүй. Угтаа аймгаасаа шинэ арслан төрөөсэй гэж наадамчид хүссэн аж. Гэхдээ л хуулиндаа тухайн бөх ямар ч цолтой, хаанаас ч гаралтай байсан хүссэн наадамдаа журмынх нь дагуу бүртгүүлээд барилдах эрхтэй. Ингээд харцага аймгийнхаа түүхт ойг хүндэтгэн наадамдаа барилдаж, долоо даван түрүүлсэн.

Дорноговьчуудын хүссэнээр бол А.Цацабшир харцага нутгийнхаа наадамд барилдахгүй байхэсвэл залуу бөхийг дэмжих байсан бололтой:

Сүүлийнм үед залуу бөхчүүд цолонд хүрэхийн тулд нутгийн том цолтой бөхчүүдээрээ дэмжүүлэхийг хүсдэг болжээ гэж Ц.Содномдорж арслан ярьсан. Өөрөөр хэлбэл, бэлтгэлээ чамбай хийхгүй сууж байгаад л ах нараараа дэмжүүлээд улсын цолонд хүрэх санаатай  нь аймгуудын наадамд зодоглосон бөхчүүдийн хэрүүлээс харагдаж байна.  Ядаж л чадлаараа гурав давахгүй юм гэж арслан уурлаж байх юм. А.Цацабшир харцага ид үетэйгээ харьцуулахад харьцангуй суларсан. Гэхдээ л чадалтай, чансаатай байгаа гэдгээ харуулж, энэ жилийн улсын наадмын тавын даваанд нутгаасаа ганцаараа зогсч л байв. Эндээс харахад Дорноговьд харцагыг дийлэх бөх энэ жилдээ гарсангүй бололтой.

Сүхбаатар, Говьсүмбэр аймгууд хаалттай наадмаа хийсэн гэхэд хилсдэхгүй. Угтаа хуулиндаа ялгаварлалгүй бөх барилдуулна гэж заасан байсан ч хөрсөн дээрээ тийм биш байсан аж. Бусад аймгаас очсон бөхчүүдийг бүртгээгүй, давсан ч давааг нь өгөөгүй гэх зэрэг асуудлууд гарав.

Говьсүмбэр аймгийн наадмын үзүүр түрүүнд Говьсүмбэрийн Б.Үүрцайх, Хөвсгөлийн Х.Бөхбаяр нар тунаж, барилдсан. Барилдааны явцад Хөвсгөлийн Х.Бөхбаярын өвдөг газар хүрээгүй байтал хөлийн цэц буруу шийдвэр гаргаж, нутгийн бөхөө давсан гэж үзжээ. Ийнхүү Б.Үүрцайхыг нутгийн дэвжээ, хөлийн цэц нь ивээж, аймгийн арслан гэх цол хүртэв.

Харин Сүхбаатарт зууны 99 хувь нь Сүхбаатар аймгийн бөхчүүд байсан гэнэ. Хамгийн том цолтой нь улсын харцага Ш.Мөнгөнбаатар. Мэдээж Сүхбаатарын бөхчүүд түрүү булаалдаж, Онгон сумын Н.Өсөхбаяр түрүүлж, Эрдэнэцагаан сумын С.Ган-Эрдэнэ үзүүрлэсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хуулиа дагаж мөрдсөн бол үнэндээ дээрх асуудлууд гарах үндэс үгүй. Улсын цолтой байсан ч аймаг, сумын цолтой байсан ч хаана ч барилдах эрх нь нээлттэй гээд хуулинд заачихсан байна. Мөн шинэчилсэн хуулийн 5.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” гэх заалт бий.

Аймаг, сум, улсын наадам нэгэн зэрэг болсноор найраа гэх зүйл үгүй болно гэж хууль санаачлагчид тайлбарласан. Гэхдээ 5.3-д “Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэх заалт байгаа учир энэ жил түүхт ой нь тохиож байгаа аймгууд онцгой нөхцөл байдал гэх утгаараа улсын баяр наадмаас хойш наадмаа хийж байна. Ирэх жилүүдээс хууль бүрэн хэрэгжиж, энэ жилийнх шиг асуудлууд гарахгүй биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж