Жирапорн Майсунноен гэх тайланд эр 58 настай бөгөөд өр зээлгүй байсан үеэ санадаггүй. Тэрбээр 18 настайдаа сарын 2200 батын (60 ам. доллар) цалинтай шинэ багш байв. Тухайн үедээ Тайландын зүүн хэсэгт ажиллахын тулд мотоциклын зээл авчээ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд тэрбээр 20 жилийн өмнөөс аялал жуулчлалын бизнес эхлүүлж байв. Гэвч аяллын автобус худалдаж авахын тулд дахин зээл авчээ. Гэр бүлээ тэжээж, зээлээ төлөхийн зэрэгцээ шинэ байшин худалдаж авснаар түүний өр хэд дахин нэмэгдсэн юм.
Өдгөө Майсунноен 40 жилийн өмнөхөөсөө 30 дахин их цалин авч байгаа ч хэзээ ч зээл төлөхгүй амьдарч үзээгүй гэв. Түүний өр өнөөдөр найман сая бат (218,000 ам. доллар) хүрсэн байна.
Жирапорн Тайландын албан бус секторт ажилладаг олон сая хүнээс ялгаатай нь тогтмол орлого олдог. Гэвч тус улсын 66 сая хүн амын тал хувийг хамарсан өрхийн өрийн хямралд тэрбээр өртжээ.
Банкны ажилтан Кажорн Танапасегийн ярьснаар, олон тайландчууд залуу байхдаа эсвэл карьераа эхлүүлж байхдаа өрөнд ордог аж. Саяхан “Think Forward Center” судалгааны төвөөс зохион байгуулсан семинар дээр тэрбээр үг хэлэхдээ, 30-аас дээш насны хүмүүсийн тал хувь нь санхүүгийн өртэй ба тэдний тавны нэг нь өрөө барагдуулах боломжгүй гэв. Өртэй иргэд эдийн засгийн хувьд шархалж үлдэж байгааг харуулсан тоо баримт олон байдаг аж. Тухайлбал, их хэмжээний, урт хугацаатай өр нь хүмүүсийн бүтээмж, сэтгэл санааны тогтвортой байдалд нөлөөлдөг юм байна.
Тайландын Төв банк 2017 онд санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хариуцлагатай зээл олгох, зээлээс үнэ цэнийг тооцох зарчим, урьдчилгаа төлбөрийн шимтгэлд зохицуулалт хийх, өрийн зуучлал зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэн. Тус улсын засгийн газар тариачин, багш, төрийн албан хаагч, цагдаа болон оюутны зээлтэй хүмүүст өрийн бүтцийг өөрчлөх, өр барагдуулахад туслах зорилгоор 2022 оныг Өрхийн өртэй тэмцэх жил болгон зарласан байна.
Жирапорн тэргүүтэй олон багш засгийн газрын дэмжлэгтэй "Багш нарын хоршооны хадгаламж"-аас зээл авсан. Сар бүр тэдний данснаас өрийн төлбөрийг автоматаар авч, цаана нь сарын турш амьдрахад хүрэлцэхээргүй бага буюу зарим тохиолдолд юу ч үлддэггүй ажээ. Энэ нь үндсэн зардлаа нөхөхийн тулд зээл олгогчоос дахин зээл авах, улмаар өрөнд орох харгис мөчлөг үүсгэдэг байна.
Банк зээлээ татсаны дараа, багш нарт 30-аас доошгүй хувийн цалин үлдээх журам байдаг. Гэвч Тайландын Боловсролын яам 2019 он хүртэл эл журмыг үл тоомсорлож ирсэн. Тиймээс зарим зээлдэгч Боловсролын сайдад ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр хуулийн дагуу гомдол гаргасан аж.
Үүний дараа захиргааны хэргийн шүүх 30 хувийг үлдээх хуулийг дахин сэргээсэн байна. Цалингийн 30 хувийн үлдэгдэл нь зээлдэгчдэд амьдралаа залгуулахад туслах төдийгүй нэр төрийг нь хадгална гэж Тайландын банкны ажилтан Кажорн ярьсан юм.
Тайландын өрхийн өр 2021 оны эцэст ДНБ-ий 90 хувьтай тэнцэж байсан бөгөөд цаашид өссөөр, эдийн засгийн сэргэлтийг улам ч удаашруулна гэж таамаглаж байна. Энэ үзүүлэлт нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт юм. Өмнөд Солонгосын өрхийн өр энэ оны эхний улиралд ДНБ-ий 104 хувьтай тэнцэж байсан ч Тайландаас ялгаатай нь эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орон. Тайландын өрхийн өр 2021 онд 14.5 их наяд бат (394 сая ам. доллар) байсан гэж Төв банк мэдээлсэн. Өрхийн өр нь ихэвчлэн орон сууцны ипотек, бизнесийн зээл, автомашин, мотоциклын түрээс зэрэгт төвлөрсөн байна.
Эдийн засагч, “Think Forward” төвийн захирал Дечарут Суккумноед ярихдаа, Тайландын өрхийн өр нь ихэвчлэн хэрэглээний зориулалттай байдаг тул томоохон эдийн засагтай орнуудын өрөөс ялгаатай гэв. Учир нь өрхийн өр чанаргүй болох хандлагатай байдаг аж. Тайландын өрхийн өрийн хэмжээ ойрын жилүүдэд тус улсын эдийн засгийн байдлаас хамаарч ДНБ-д хүрэхэд хэдэн арван жил шаардагдана гэж тэрбээр нэмж хэлэв. Цалин бага үед өрхийн хэрэглээний тодорхой хэсгийг зээлээр санхүүжүүлнэ.
ӨР ТЭГЛЭХ ХӨТӨЛБӨР
Жирапорн таван жилийн өмнө танилцсан “Өртэй хүмүүсийн эрхийг хамгаалах Супа Вонгсаена сан”-гийн дэд ерөнхийлөгч Ачин Чунлогийн зөвлөгөөг дагаж эхэлсэн байна. Зуны амралтаараа Жирапорн үйлдвэр, түгээлтийн газарт байрладаг ачааны машины жолоочоор ажиллаж, давхар орлого олдог. Түүнд зөвлөгөө өгсөн Ачин нь 2009 онд тус байгууллагийг үүсгэжээ. Ердөө нэг жилийн дотор энэхүү өрийг тэглэх хөтөлбөрт 10 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд нийт долоон тэрбум бат буюу 190 сая ам.долларын өрөө иргэд төлж чаджээ. Ачин өртэй хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгдөг ба хэрхэн мөнгөө зохицуулах талаар хичээл ордог.
"Намайг Жирапорнтой анх танилцхад тэр зургаан зээлийн картын өртэй байсан. Мөн зээлийн картын компани түүнийг шүүхэд өгч, дараа нь гэрийг нь хурааж авсан байсан " гэж Ачин ярив. Тэрбээр "Түүний нөхөн сэргээх төлөвлөгөө нь зээлийн картын компанитай тохиролцож, өрийг нэг нэгээр нь аажмаар төлөх явдал байсан" гэж онцолсон байна. Ачин одоогоор санхүүгийн хүнд нөхцөлтэй хувь хүмүүсийг хамгаалах хуулийн төслийг бий болгохоор ажиллаж буй. Энэ нь зээлийн хэмжээ эсвэл зээлийн хүү өндөр байсан ч зээлдэгчийн хөрөнгийг хамгаалах зорилготой гэж тэр онцоллоо.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ