"Цам харайх ёслолд лам нар 4-5 сар бэлддэг"

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

"Цам харайх ёслолд лам нар 4-5 сар бэлддэг"

"Цам харайх ёслолд лам нар 4-5 сар бэлддэг"

 “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч. Бямбажаргалтай ярилцлаа.


Даншиг наадмыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ. Энэ жилийн даншиг наадам юугаараа онцлог болох бол?

-Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй. Манайд бол 2015-2018 онуудад төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2019 онд Гандантэгчэнлин хийд дангаараа зохион байгуулж байсан бол 2020 онд Батцагаан дуганд цам харайх ёслолыг амжилттай зохион байгуулсан.

Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа болдог бөгөөд энэ жилийн хувьд урьд жилүүдээс онцлогтой болж байгаа нэг зүйл нь жороо морины уралдаан болох юм. Улсын их баяр наадмаар жороо морины уралдаан зохион байгуулаагүй.

Даншиг наадмын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Гандантэгчэнлин хийдийн хувьд даншиг наадмын шашин, соёлын үйл ажиллагааг голлон хариуцан ажиллаж байна. Даншиг наадмын гол үйл ажиллагаа болох цам харайх ёслол нь хэдхэн хоногт хийдэг зүйл биш бөгөөд цам харайх ёслолыг хийхийн тулд лам нарын дөрөв, таван сарын хүч хөдөлмөр ордог. Энэ нь зөвхөн бурхдын хувцас хэрэгслийг өмсөөд гардаг зүйл биш бөгөөд цамын бүжиг нь бурхны шашны бага таван ухааны бүжиглэхүйн ухаанд ордог.

Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, хөх өвгөн, нохой болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчин хамгийн дэлгэр том баг өмсгөл, уран нарийн гоёмсог чимэг зүүлт хэрэгслээр гоён, агуулгын хувьд гүн гүнзгий биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, муу зүйлсийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Цам харайх ёслолд лам нар дөрөв, таван сар бэлддэг болохоор бэлтгэл ажил маань дуусах шатандаа явж байна.

-Даншиг наадам нь аялал жуулчлалын салбарт хэр нөлөөлдөг юм бол?

-Даншиг наадмыг 2018 онд нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран хийсэн нь аялал жуулчлалын тусгай зориулалт бүхий монголын хамгийн том үйл ажиллагааны нэг болж байгаа юм.

Өнгөрсөн 2018 онд эл наадамд 2500 жуулчин ирж байсан. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ.

-Хүй долоон худаг руу иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хүртээмжийг яаж зохицууулж байна?

-Даншиг наадмын хүрээнд иргэдэд Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

Б. УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж