Инфляциас үл хамааран Европын эдийн засаг өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Инфляциас үл хамааран Европын эдийн засаг өсчээ

Инфляциас үл хамааран Европын эдийн засаг өсчээ

Дэлхий дахинд нүүрлээд буй инфляцийн өсөлтөөс үл хамааран Евро бүсийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд хүлээлтээс дээгүүр гарчээ. Европын статистикийн газраас мэдээлснээр холбооны гишүүн 19 орны дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрдугаар улиралд 0.7 хувьд хүрчээ. 0.2 хувиар өснө гэж таамаглаж байсан хэдий ч ийн хүлээлтээс дээгүүр гарсан байна. Энэ оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.5 хувьтай гарсан. Гэвч Орос улс байгалийн хийн нийлүүлэлтээ бууруулсаар байгаа тул цаашдаа бүс нутгийн хэтийн төлөв хүндрэх магадлалтай юм.

Евро бүс цар тахлын дараа эдийн засгаа дахин нээсний үр шим нь гарсаар байгаа тул эхний хоёр улирлын байдлаар сайн үзүүлэлттэй байжээ. Эсрэгээрээ АНУ сөрөг үзүүлэлттэй гарсан. Ирэх онд Евро бүсийн эдийн засаг уналтад орж болзошгүйг эдийн засагчид анхааруулаад буй. Тухайлбал, Номурагийн шинжээчид бүсийн эдийн засгийг 1.2 хувь хүртэл, Беренбергийн шинжээчид 1 хувиар буурна гэж тооцоолж байна.

Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисс энэ онд Орос улс байгалийн хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоовол эдийн засгийн хямралд орж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэхдээ, “Орос улс бүс нутгийг шантаажилж байна” гэжээ. Харин Орос улс чулуужсан түлшний нөөцөөр зэвсэглэсэн гэдгээ удаа дараа няцаасаар ирсэн. Оросын төрийн өмчит эрчим хүчний компани Газпром өнгөрсөн долоо хоногт “Хойд урсгал 1” хоолойгоор дамжуулах Европт нийлүүлдэг хийн хэмжээг 20 хувь хүртэл бууруулжээ. Европын холбооны 12 орон Оросоос хий нийлүүлэхээ хэсэгчлэн зогсоож, зарим улс нь бүрэн татгалзаад буй.

Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийг сайн мэдээ гэж Европын эдийн засгийн комиссар Паоло Жентилони онцолсон. “Ирэх улиралд хэрхэх нь тодорхойгүй байна. Бид эв нэгдлийг хадгалж, шаардлагатай бол нөхцөл байдалд хариу үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй” гэж тэр хэллээ. “Геополитик болон макро эдийн засгийн хүндрэлтэй хүчин зүйлс байгаа ч Евро бүсийн өсөлт өнгөрсөн улирлаас өндөр байгаа нь эерэг үзүүлэлт юм” гэж Европын стратегийн ахлагч Рэйчел Бартон мөн хэлжээ.

Европын Төв банк өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахын тулд долдугаар сарын эхээр бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлсэн. Энэ нь сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа тохиолдож буй явдал юм. Бүс нутгийн инфляцийн өсөлт үндсэндээ эрчим хүчний хямралаас үүдэлтэй юм. Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг цаашид танасаар байвал үнэ улам өсч болзошгүй аж. Нийлүүлэлтийн сүлжээ тасралтгүй тасалдаж, эрчим хүчний үнэ өсөж, инфляци дээд амжилт тогтоогоод буй тул урт хугацаандаа ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл Capital Economics-ийн ахлах эдийн засагч Эндрю Кеннингэм хэлэхдээ, “Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь хэсэг хугацааны туршид улирлын хамгийн сайн өсөлтийг үзүүлнэ” гэв.

Евро бүсийн инфляцийн шинэчлэгдсэн тоо баримт Баасан гаригт нийтлэгдсэн. Эндээс харахад жилийн инфляци зургадугаар сард 8.6 хувь байсан бол долдугаар сард 8.9 хувь болжээ. Энэ бол Европын холбооны 19 оронд инфляци шинэ дээд амжилт тогтоосны илрэл бөгөөд гурав дахь сардаа дарааллан өсч буй үзүүлэлт юм.

Бүс нутгийн үзүүлэлт санаснаас өндөр үзүүлэлттэй байсан ч Европын хамгийн том эдийн засаг болох Герман улс хоёр улирал дарааллан муу үзүүлэлттэй гарав. Герман улс байгалийн хийн хэрэглээнийхээ бараг гуравны нэгийг Оросоос авдаг тул дайнаас улбаалсан эрчим хүчний үнийн өсөлт тус улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлж буй. Германы жилийн инфляци зургадугаар сард 8.2 хувь байсан бол долдугаар сард 8.5 болжээ.

Тэгвэл Франц, Итали, Испани зэрэг аялал жуулчлал хөгжсөн орнуудаын эдийн засгийн өсөлт 4-6 дугаар сард шинжээчдийн хүлээлтээс давсан байна. Тухайлбал, Францын эдийн засаг хоёрдугаар улиралд 0.5 хувиар өссөн бол Итали нэг хувиар, Испани 1.1 хувиар тус тус өсчээ. Балтийн орнуудын хувьд гуравдугаар сард инфляци нь анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн. Энэ орнууд долдугаар сард үнийн өсөлт хамгийн өндөр үзүүлэлттэй байв.

Олон улсын валютын сан өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өнгөрсөн жилийнхээсээ бууруулсан. Өнгөрсөн жил 2022 оны үйлдвэрлэлийн хэмжээг 6.1 хувь гэж таамагласан байсан бол 3.2 хувь болгож буурууллаа. Цар тахалтай холбоотой хязгаарлалтууд, аялал жуулчлалын салбарын уналтаас шалтгаалаад ирэх саруудад Евро бүсийн эдийн засаг улам л унах төлөвтэй. Евро бүсээр тогтохгүй дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв бүрхэг байгааг Олон улсын валютын сан онцолжээ.

Эх сурвалж: NY TIMES, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж