Наймдугаар сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх бол Монголын улс төр ч ялгаагүй олон жилийн дунджаас халуун байх төлөвтэй. Инфляцийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал, цар тахлын давалгаа, цаашлаад хоёр хөршийн дайн, дажин гээд. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотоодод төдийгүй хоёр хөршийн анхаарлын төвд байгаа шинжтэй, Оросын элчин И.Азизов энэ асуудлыг Эрхүүд ярьж, хэлж явсан гэхээр.
Олон нийтийн сүлжээнд явж буй зорилготой, зорилгогүй, мөнгөтэй мөнгөгүй сэвээ, шаваанаас харвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэгчид гэр дотор ч, гэрийн гадна ч байна. Нэн ялангуяа манай парламентыг давжааруулах, ардчилсан тогтолцоог авторитори дэглэмээр солих санаархал байсхийгээд л биднийг ШХАБ-д эхлсэхийг шахдаг хойд хөршид бий. Тиймийн тул И.Азозов “Монгол Улсын парламентын засаглалтай, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгох” тухай Эрхүүд чалчаад явсан хэрэг.
Товчхондоо, гэрийн гадаах аюул манай гэр доторх амьдралд бодитоор заналхийлээд эхэлсэн гэсэн үг. Өмнө нь Женко гэх хүний хүсэл байсан өдгөө Оросын санаархал болж хувирсан байна.
Нэг.ТОМ ПАРЛАМЕНТ
Аль ч утгаараа Монголын парламент том байх ёстой. Тоогоороо ч, тогтолцоогоороо ч. Ингэж байж л Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хадгалагдана. Өнөөдрийн хувьд манай парламент давжаадаа ордог. Засаглалын хувьд Монгол өөх ч биш булчирхай ч биш явж ирсэн. Парламентын засаглалтай атал Ерөнхийлөгч нь хууль, шүүхийг атгасан том эрх мэдэлтэй. Хэдийгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж өгсөн ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээр үлдсэн.
Нөгөөтэйгүүр УИХ-ын 76 гишүүний дийлэнх нь мажоритор тогтолцоогоор сонгогддог. Тиймээс нэг хүний “халаасанд” орох эрсдэлтэй. Тэгэхээр дайн дажинтай байгаа хоёр том гүрний дунд орших буфер улсын хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, засаглалын тогтолцоогоо тодорхой болгохгүй бол Монголын тусгаар тогтнолд И.Азизов, С.Лавровын үг үйлдэл бодитоор заналхийлээд эхэлсэн. Үндсэндээ, С.Лавровын “Та нар Орос, Хятадын нөлөөнөөс гарахгүй шүү” гэх сүрдүүлэгт урдаас нь “салаавч” гаргаж чадах хүн манай парламентад байгаагүй. Өмнөх парламент гэхэд бүгдээрээ экс Ерөнхийлөгч Х.Баттулгад бөлдөгдүүлчихсэн байсан нь бас л худлаа биш. Гэх мэт гишүүдийн тоог нэмэх гэрийн гадаах шахалт нь энэ.
Гэр доторх үндэслэл нь гучин хэдүүлээ хуралдаад гурван сая хүний амьдралыг кнопдчихож байна. Улсын төсвөө хувааж жижиглээд тойргийн хөрөнгө оруулалт нэртэй цацчихаж байна. Асуудлыг улс орны эрх ашиг талаас нь харахаасаа илүү сонгогчдодоо таалагдах гэсэн улс төр хийсээр байгаад дөрвөн жил өнгөрчихөж байна.
Тэгэхээр ядаж л сонгуулийн тогтолцоогоо өөрчилбөл тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгийг угаах нь багасана. Гишүүдийнхээ тоог нэмчихвэл гучуулаа суугаад хууль баталдаг биш жаруулаа хэлэлцдэг болно. “Зуун ямаанд жаран ухна” гэх шүүмжлэл дагалддаг. Гэхдээ гурван сая хүний үндэсний аюулгүй байдлыг 30 хүн шийдчихэж болохгүй.
Мэдээж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид гудамжинд ч, Төрийн ордонд ч байна. Х.Баттулга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар, С.Ганбаатар гээд. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Цогтбаатар нар “шантааж” хийж сайд болох санаатай байх. Харин Х.Баттулгын улс төр нь илүү хорлонтой, зорилго нь илүү аюултай. Ердөө гурван жилийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай болно гээд нэртэй, нэргүй, зүстэй, зүсгүй троллуудаараа сэвүүлж явсан хүн шүү дээ.
Тиймээс ийм цөвүүн цагт Монголын парламент том бөгөөд хүчтэй байхаас өөр арга ч, гарц ч алга. Энэ утгаараа Ардын намынханд амрах цаг алга баймаар. Атал тэд найр, наадам, нанчилдаан, зодоон гээд явах.
Хоёр. ЖИЖИГ ЕРӨНХИЙЛӨГЧ
Ардын намын үнэмлэхүй олонхын дангаараа баталсан /АН хурал хаяж байв/ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж заасан. У.Хүрэлсүх зургаа дахь Ерөнхийлөгч мөн ч, зургаан жилээр анх удаа Төрийн тэргүүн хийнэ. Энэ талаасаа түүний нэр түүхэнд үлдэнэ.
Уг нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа чөлөөлөх, томилох эрхтэй ч өнөөдөр У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч намын болон улс төрийн барьцаанаасаа гарч чадаагүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар чамгүй эрх мэдэл өгсөн ч өнөөдрийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд ч супер эрх мэдэлтэй субъект болж чадаагүй байна гэсэн үг. Энэ удаагийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ид яригдаж байна. Ингэж гэмээнэ Монголын туурга тусгаар үлдэнэ. Нэжгээд хүнтэй хэлэлцэх нь нэг хүнтэй ярилцахаас хэцүү. Энэ нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гэх хувь хүмүүсийн тухай биш. Монголын Улсын институци хоорондын эрх мэдлийг хуваарилалтын асуудал хөндөгдөж байна гэсэн үг. Үндсэндээ, Монголыг Шанхайн ломбардад тавьж, цаазын ялыг сэргээхээс сийхгүй нэгэн Ерөнхийлөгчөөр сонгогдвол яах вэ гэдгийг яг одоо ярих цаг.
Гурав. АРДЫН НАМД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ
Л.Оюун-Эрдэнийн засгийн эмзэг цэг нь мэргэжлийн гэх тодотголтой сайд нар нь. Тэдний дээлийг нь шувталж аваад нөмрөх хүсэлтэй намын нөхөд нь МАН-ын цагаан байраар дүүрэн хөлхөлдөж байгаа. Урдаас инээж гар барьсан, ханцуй дотроо хутгатай журмын нөхөд нь Л.Оюун-Эрдэнийн засгийн насыг нь тоолоод сууж байж мэднэ.
Сүүлийн өдрүүдэд хэвлэлээр нэр бүхий хүмүүсийн зургийг дараагийн Ерөнхий сайдаар “зүслэн” сэвж байгаагийн цаана эрх баригчдын дунд яс хаях гэсэн, нөгөө талаараа эмээлтэй хазаартай морь зүүдэлсэн журмын нөхдүүд нь байна гэсэн үг. Энэ мэт явган яриа улс орны тогтворгүй байдал үүсгэж мэдэх хорлонтой. Хоёр, гуравдугаар ээлжийнхэн нь хоолондоо орох гэж л хоорондоо Ардын намынхан алалцаж буй хэрэг. Монголыг бодсондоо эсвэл эдийн засгаа өөд татах гэсэндээ ч эрх мэдлийн төлөө зүтгээд байгаа юм биш. Л.Оюун-Эрдэнийг солиод юу ч өөрчлөгдөхгүй. Эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал нүүрлэвэл бусдад далим болж мэднэ. "Чоно борооноор" гэдэг.
Учир иймээс Ардын намынханд алдах эрх, алжаах цаг байхгүй. Зарласан бодлогоо хэрэгжүүлж, гаргасан шийдвэрээ хамгаалж, том төслүүдээ хөдөлгөж, төмөр зам, цахилгаан станцуудаа барьж ашиглалтад оруулахад анхаарах шаардлагатай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө ч явуул. Эрх баригчид амарч байна гээд дагаад эдийн засгийн хямрал "амарчихгүй". Ямбыг нь эдлэж яваа хүмүүс ялаа үүрээд, ажлаа хий.
"Манай парламент маш хэврэг. Цөөхөн улстөрчдөд гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөлөл үзүүлэхэд бидэнд бүрэн эрхэт байдлаа алдах магадлал руу явах зам ойрхон гэж харагдаж байна. Тэгэхээр улс төрийн намуудын ярьж байгаачлан парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоог оруулах нь парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах боломж гэж бид харж байна" гээд томроод, тодроод байсан Д.Амарбаясгалан нь амраад "алга болчихсон уу", бас.
Холбоотой мэдээ