Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.

Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.

Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

"НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС БАРИЛГЫГ НҮҮЛГЭХГҮЙГЭЭР ГАЗАР ДЭЭР МУЗЕЙ БАЙГУУЛНА"

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.

Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.

Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:

-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.

"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙН ГАЗАР ДЭЭР ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ САНАЛ ТАВЬСАН"

Тухайн газар эзэмшигчдийн нэг Б.Охиндоогоос зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр "Гоожингийн өндөр"-ийн газрын асуудал өдий болтол шийдэгдээгүй. Бид бүр гайхаж сууна. Бидний зүгээс хотын захиргааны бүх шийдвэрийг дэмжиж буй. Тухайн газрын үл хөдлөх гэрчилгээ нь гарчихсан. Одоо газрыг нь шийдээд өгөөч, тэнд нь ногоон байгууламжтай, хоёр давхар 70, 80 хүүхдийн цэцэрлэг бариад өгье гэсэн. Зөвшөөрлийг нь гаргавал улсдаа авна уу, хувьдаа ажиллуулна уу өөрсдөө мэд гэсэн. "Гоожингийн өндөр"-ийн газар нь 500 орчим мкв шүү дээ. Яагаад ажил нь урагшлахгүй байгааг хэлж мэдэхгүй юм.

Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.

Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.

Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.

Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.

Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж