Хүүхдийн салбар зөвлөл, дархлааны салбар зөвлөлийн саналд тулгуурлан Covid-19-ийн дараагийн давлагааны эрсдэлээс сэргийлж вакцингүй бүлгийг дархлаажуулах ажил өнөөдрөөс /2022.08.01/ эхэлж буй. Тус бүлэгт хамаарах 5-11 насныхан асран хамгаалагчийн хамт харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд очих юм. Гэхдээ дархлаажуулалт дөнгөж эхэлж байгаа учраас иргэдийн идэвх муу байлаа. Бид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны "Энх сүндэр" өрхийн эрүүл мэндийн төвд очив. Өдрийн 11:00-12:00 цагийн хооронд тус эмнэлэгт хүүхдээ дархлаажуулалтад хамрагдах нэг ч хүн ирээгүй гэв. Эмнэлгийн зүгээс шаардлагатай зөвлөмж мэдээллийн хуудас, зөвшөөрлийн хуудас, вакцины тун зэргийг бэлдэж тусгай өрөөг хүртэл бэлджээ.
ХАРШИЛТАЙ ХҮҮХДЭД ЭМЧИЙН ЗААВРААР ВАКЦИН ХИЙНЭ
"Энх сүндэр" ӨЭМТ-ийн вакцинжуулалт хариуцсан эмч:
-Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлж байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Тухайлбал, ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Эмч, сувилагчдын тухайд 2-3 удаагийн сургалтад хамрагдаж, хүүхдийг хэрхэн вакцинжуулалтад хамруулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан.
Харшилтай хүүхдүүдийн хувьд вакцин хийж болохгүй гэсэн заалт байхгүй. Вакцин хийлгэхийн өмнө эмч үзэж, зөвлөгөө өгч, хийж болох заалттай эсэхийг шийднэ.
Түүнээс харшилтай юм чинь дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн зүйл огт байхгүй. Иргэд мэдээж сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа болохоор хүүхдэдээ вакцин хийлгэх эсэхийг шийднэ. Гэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд 1-2 дугаар тунд заавал идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Манай хорооны тухайд 11 мянга гаруй хүн байдгаас 5-11 насны мянга орчим хүүхэд бий. Эхний өдөр учраас иргэд мэдээлэл бага байгаа. Мөн баяр наадмын амралт гээд хөдөө, орон нутагт зорчиж байгаа хүмүүс байгаа байх. Ирэх долоо хоногоос идэвх тодорхой хэмжээнд сайжирна гэж бодож байна.
ХҮҮХДҮҮД САРЫН ДАРАА БҮРЭН ТУНД ХАМРАГДАХ НЬ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ
Монголоос гадна бусад улс орнууд ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. "Pfizer-BioNTech" вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн байна. Харин Монгол Улсын хувьд эхний ээлжид нэгдүгээр тунд нийт 5-11 насныхны тал хувийг хамруулах зорилт тавьжээ.
Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй аж.
Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ аль болох сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдахыг эмч нар зөвлөж байна. Зарим ээж, аавууд вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан эсэхэд анхаарал хандуулж эргэлзэж байгаа. Тэгвэл ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа гэдгийг ЭМЯ-наас онцлов. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийх юм.
Монгол Улс "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа.
Иргэд хэдийгээр омикроны хоруу чанар харьцангуй багассан гэж тайвширч байгаа ч сургууль орвол тархалт нэмэгдэж, эрсдэл бүр өсөх төлөвтэй байгаа юм. Тиймээс халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Омикрон хувилбарын тухайд олон хувилбартай. Шинэ хувилбар бүрийн хоруу чанар өөр, өөр. Тиймээс иргэд тайвшрахад эрт байна. Иймд ЭМЯ-ны шийдвэрийн дагуу бага насны хүүхдээ эрсдэлээс сэргийлж вакжинд идэвхтэй хамруулах нь чухал гэдгийг Энх сүндэр өрхийн эмнэлгийн эмч зөвлөлөө.
Вакцин хийлгэх хүүхдийн эцэг эхээр зөвшөөрлийн хуудас заавал бөглүүлэх юм байна. Тус хуудаст:
- вакцин хийлгэх хүүхдийн мэдээлэл
- вакцины талаарх мэдээлэл
- вакцинжуулах зөвшөөрөл
- эмчийн бөглөх хэсэг зэрэг багтжээ.
Холбоотой мэдээ