Манайд наамдын дараагаас буюу долдугаар сарын дунд үеэс есөн сарыг хүртэл шарилжны харшилтай хүмүүсийн тоо олширдог. Тэгвэл уг харшлыг өдөөгч шарилж, лууль зэрэг зэрлэг ургамлын устгалын ажил хэрхэн явагдаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн алба, орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Н.Чинсанаагаас тодрууллаа.
–Шарилж устгалын ажил жилд хэдэн удаа, хэзээнээс эхэлж хийгддэг вэ?
– Шарилж устгалын ажлыг жилд үндсэндээ нэг удаа хийдэг. Нэг удаа хийхдээ зун болон хаврын улиралд хоёр хувааж зохион байгуулдаг. Ингэхдээ жил бүр хэчнээн талбайд устгал явуулахыг хэмжиж гаргадаг. Түүний дараагаар дүүргүүд өөрсдийн эзэмшлийн газартаа устгалын ажлаа хийж эхэлдэг.
–Нийтдээ хэчнээн талбайг цэвэрлэхээр төлөвлөсөн бэ?
-Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн зургаан дүүрэгт нийтдээ 2’739’800 метр квадрат талбайд 65 байршилд 500 гаруй хүн ажиллахаар төлөвлөсөн. Мөн нэмэлтээр хүмүүсийн байнгын зорчдог нийтийн эзэмшлийн талбайд тандалт хийж байгаа. Төсөвийн хувьд улсаас нэгдсэн байдлаар санхүүжилт өгдөггүй. Харин тухайн дүүргийн засаг дарга нэгдсэн төсөвөөсөө урсгал зардал гаргаад явдаг.
–Одоогоор хэчнээн дүүрэг шарилж устгалын ажлаа эхлүүлсэн байгаа вэ?
-Шарилж, лууль нь долоон сарын дундуур үрээ цацаж эхэлдэг. Тиймээс яг энэ үеэр шарилж устгалын ажлыг эхлүүлдэг. Ихэнхи дүүрэг хүн хүчээ хувиарлаад ажлаа хийгээд эхэлчихсэн байгаа.
–Нийслэлийн хэмжээнд бүх шарилжийг устгах боломж бий юу?
Шарилж, лууль нь жил бүр шинээр ургадаг олон наст ургамал юм. Тиймээс нэг дор бүгдийг нь устгах боломжгүй байдаг. Учир нь аливаа нэгэн био масс буюу ургамал ургах боломжгүй газар хамгийн түрүүнд хогийн ургамал ургадаг. Энэ ургамал ургаснаар дараагийн өөр төрлиийн ургамал ургах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тиймээс үүнийг бүрэн гүйцэт устгах нь хөрсөндөө сөрөг нөлөө үзүүлж буй хэрэг юм. Харин жил бүр цэвэрлэснээр ургалт нь багасаж , гурваас дөрвөн жилийн дараа бусад ургамал ургах нөхцөл нь бүрддэг.
Холбоотой мэдээ