Монгол Улсын хувьд Шри-Ланка улсын дампуурлын араас орох эрсдэл ойрхон байгааг гадаадын шинжээчид анхааруулж бичих болсон. Тиймээс улсын эдийн засгийн бодит нөхцөл байдал, өрийн эрсдэлийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Эдийн засагч Д.АНГАР:
-Монгол Улсын хувьд Шри-Ланкын араас орох бодит эрсдэл үүссэн. Яагаад гэхээр, өмнө нь авсан өр зээлүүд эдийн засагт үр дүнгээ өгсөнгүй. Ер нь гадаад өрөөр аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлж, тэр төсөл нь буцаад үр өгөөжөө өгч, ашиг орлого болж, нэмүү өртөг бүтээдэг. Ингэснээр татварын орлого нэмэгдэж, улсын төсөвт орж, тэр мөнгөөрөө өрөө төлдөг. Гэтэл Монголын өрийг дээгүүрээ хэдэн дарга нар нь хуваагаад, элдэв төсөл, концесс, тендер болгож "идчихдэг". Дандаа үр ашиггүй төсөл болж дуусдаг. Улсад ердөө өрийн тоо нь л үлддэг. Тэрнээс биш энэ зээлээр том аж үйлдвэрийн паркийг санхүүжүүлж, ийм ашиг олсон гэж танилцуулах ёстой байтал тийм үр дүн байхгүй болчихсон.
Монгол Улсад ийм харамсалтай дүр зураг газар аваад байна. Төр засгийн буруу шийдвэр, арга хэмжээний уршгаар эдийн засгийн гарц, гаргалгаа байхгүй боллоо. Ард иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөх эрх ашиг гэж байдаггүй. Цөөн хэдэн дарга нар л ашигтай байдал гаарсан. Гадаад өр авч болох ч тэр өрөөрөө эдийн засгаа нөхөх төсөл, арга хэмжээг л санхүүжүүлэх ёстой шүү дээ. Монголын өр хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй болоод удаж байна.
Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:
-Энэ жилийн хувьд эдийн засгийн эрсдэл харьцангуй бага. Учир нь, олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгдөг компаниудын Монголын үнэлгээ тогтвортой байна лээ. Гэхдээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй. Яагаад гэвэл, томоохон гадаад өрөө эргэн төлнө. Үүнд Монгол Улс бэлэн биш байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх гадаад өрийн хэмжээ яг хэд хүрсэн талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй. Засгийн газар гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь нь 50 хувь гэсэн бол Монголбанк 80, Дэлхийн банк 92 хувь гэж хэлдэг.
Тэгэхээр амин чухал асуудал дээр бодлого боловсруулагчид нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэсэн үг. Мөн дээр нь Засгийн газар нэмж өр тавихын тулд ДНБ-ийг хэт томоор төсөөлж, гадаад өрийн хэмжээг дансны аргаар бага харагдуулж байгаа нь эрсдэлтэй. Ер нь өр зээл аваад эдийн засгаа томруулсан улс байдаггүй. Жишээлбэл, Латин Америкын орнууд байна. Хятад, БНСУ, Япон зэрэг улсууд гадаадаас шууд хөрөнгө оруулалт татаж, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Энэ оны эхний улирлаар ДНБ хасахтай гарсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж байна гэсэн үг. Одоо хоёрдугаар улирлын тоо гарах байх. Инфляци өндөр байгааг хүн бүр мэдэж байгаа. Ажилгүйдэл бас өндөр байна. Хил боомт хаалттай, арилжааны банкууд зээлээ хязгаарлачихсан, үнийн өсөлт гээд хүнд байдалтай байна. Тиймээс төсвийн тодотгол хийж, тойргын усалгаа болсон олон хөшөө обьектуудыг нам зогсоох хэрэгтэй. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө эрсдэлийн сангаа арвижуулж, зээлээ төлөхөд зарцуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа томруулах нь шаардлагатай.
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР:
-Монголбанкнаас өрийн албан ёсны тоон мэдээлэл гаргадаг. Зөвхөн Засгийн газрын өр бус арилжааны банкууд, хувийн хэвшлийн өр бас орно. Тэгэхээр Сангийн яам, Засгийн газрын ярьж буй тоо зөвхөн Засгийн газрын нэр дээр бичигдэж буй өр. Үүнийгээ дажгүй байгаа гэж хэлдэг. Гэтэл цаана нь арилжааны банк, Төв банк, хувийн хэвшлийн өрийг нийлүүлэхээр Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар. Энэ бол улсын ДНБ-ээс хоёр дахин давсан тоо. Бид бүх талын эрсдэлээ бодож байх ёстой. Улстөрчид гадаад өр зээлээ байнга сунгаж байх юм ярьж байна. Гэтэл үүний цаана улс төрийн эрсдэл үүснэ. Өр зээлээ сунгуулахын тулд Монгол Улс гадаад бодлого дээрээ дуугүй байна гэсэн үг.
Тиймээс нэгдүгээрт, Засгийн газар дахин өр үүсгэхгүй байх ёстой. Одоо байгаа төсвийн алдагдлаа огцом бууруулдаггүй юм гэхэд өсгөхгүй барих хэрэгтэй. Үүний дараагаар одоо байгаа өрөө илүү дарамтад оруулахгүй, эрсдэлгүйгээр сунгах вэ гэдгээ нөхцөл байдал гайгүй байгаа дээр эртхэн сунгаач ээ. Олон улсын валютын сангийн гаргасан тоймоор дэлхийн эдийн засаг хоёр жил саарна гэж байна. Дээр нь Хятад, Тайванийн асуудал хурцадвал өр зээлээ сунгах асуудал нь бүтэх үү. Олон улсын зах зээл дээр бонд гаргахаар хөрөнгө оруулагчид улс төрийн эрсдэлээс айгаад бонд авахгүй бол яах вэ. Тиймээс одоо улс орны эдийн засаг дөнгүүр байгаа дээрээ өр зээлээ сунгах асуудлаа ярих хэрэгтэй. Ирэх жил гадаад өрөө төлөх нь тодорхой. Эдийн засгийн өсөлт нэг хувьтай, төсвийн алдагдал, гадаад худалдааны тэнцэл алдагдаж байна. Тиймээс шат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай. Эрх баригчид өр зээлээ сунгаж, хөрвүүлчихье гэж хэлэхээс бус багасгах тухай ярихгүй байна. Тэр бол мундаг алхам биш. УИХ-аасаа, бодлогоосоо эхлээд өрийн стратеги нь болохгүй байна. Зөвхөн гадаад өрийн асуудал дээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо нь ажиллаж, тусгайлан ярих ёстой.
Холбоотой мэдээ