Өмнөд Солонгосын дуучин Psy-ийн “Summer Swag” тоглолт долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 20-ны хооронд үргэлжилж байна. Нийт долоон хотод тоглохоос өнгөрсөн Бямба гаригт Ганвон мужид тогложээ.
Ганвон мужид болсон тоглолтын дараа нэгэн ажилчин тайз буулгаж байгаад нас барсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тоглолтоос нэг өдрийн дараа буюу долдугаар сарын 31-нд 15:52 цагийн орчимд 20 гаран насны монгол залуу "Гангнеун" цэнгэлдэх хүрээлэнгийн гэрлийн цамхгийг буулгахаар ажиллаж байгаад 20 метрийн өндрөөс унажээ. Тус гэрлийн цамхгийг шоунд зориулан суурилуулсан аж.
Зүрх нь зогссон тайзны ажилчныг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч эцэст нь нас барсан. Ослын шалтгааныг цагдаагийнхан шалгаж байна.
Дашрамд дурдахад, тоглолтын үзэгчид дунд Covid-19 халдвар тарсан хэргээр эрх баригчид шалгаж магадгүй байна. Тоглолтын үеэр халдварын эрсдэлээс хэрхэн сэргийлж байгааг шалгахаар мөрдөн байцаалт эхлүүлжээ. “Korea Herald” сонинд мэдээлснээр, шоуны үеэр 300 орчим тонн ундны усыг үзэгчид рүү цацаж хөгжөөсөн байна. Энэхүү аялан тоглолт эхэлснээсээ хойш ус цацдаг үзүүлбэрээрээ алдартай болоод буй юм.
Тоглолтын үеэр цугласан олныг усаар норгох нь Covid-19-ийн халдвар тархах хүчин зүйл болно гэж Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж байсан. Хэвлэл мэдээллийн зүгээс тоглолтын байгаль орчинд үзүүлэх нөлөө, цар тахлын аюулын талаар “Psy”-ийн төлөөлөгчдөөс асуусан боловч тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: ALL KPOP, NME
Холбоотой мэдээ