Лаосын төлөөх өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Лаосын төлөөх өрсөлдөөн

Лаосын төлөөх өрсөлдөөн
Лаос улс сүүлийн жилүүдэд туулаагүй хамгийн хүндхэн цаг үетэй тулгараад байна. Тус улсын инфляц өнгөрсөн сард сүүлийн 22 жилийн дээд цэгтээ тулж 23.6 хувьд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэ 2021 оны зургадугаар сарынхаас 107.1 хувиар, хий 69.4 хувиар, алт 68.7 хувиар тус тус өсчээ. Шатахуун түгээх станцуудын урт дараалал ховрын үзэгдэл байхаа больж, Covid-19-ийн халдварын тохиолдол дахин нэмэгдэхэд хүрэв.

Лаосын үндэсний мөнгө тэмдэгт кипийн ханш 2021 оны есдүгээр сард 9300 ам.доллартай тэнцэж байсан бол өдгөө 15 мянга болж буурлаа. Ердөө 1.2 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй Лаос улс бүрэн дампуурлын ирмэгт ирээд байна. Яагаад гэвэл тэд 2025 он хүртэл жил бүр 1.3 тэрбум ам.долларын өр төлөх ёстой.

Нийт 14.5 тэрбум ам.долларын гадаад өр байгаагаас тал хувь нь Хятадад төлөх өр юм. Тодруулбал, Вьентяныг Хятадын хилтэй холбосон 5.9 тэрбумын өртөгтэй төмөр замын төсөлтэй энэ нь холбогдоно.

Хямралтай зэрэгцээд Вьетнам, Лаос хоёрын харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Түүнчлэн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 45 жилийн ой болж өнгөрөв. Хоёр орны удирдагчид онцгой харилцаагаа дахин баталж, “Вьетнам, Лаос хоёр бол зөвхөн хөршүүдээр тогтохгүй үндэсний болон социалист бүтээн байгуулалтад хамтарч буй ахан дүүс юм” гэж тунхагласан.

Тэр бүү хэл, хоёр орны харилцааг дэлхийн түүхэнд байгаагүй үнэ цэнтэй харилцаа гэж Вьетнамын Коммунист намын дарга Нгуен Фу Тронг хэллээ. Лаосын дэд ерөнхийлөгч ч мөн ижил утгатай зүйл хэлсэн.

ВЬЕТНАМЫН ОРШИН ТОГТНОЛ ЛАОСТОЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Эндээс харахад, Лаос нь Вьетнамын хамгийн найдвартай анд нөхөр гэдэгт эргэлзэх зүйл алга. Үнэхээр ч Лаос улс хүйтэн дайн дууссанаас хойш Вьетнамын цэргийн гэрээний цор ганц холбоотон байсаар ирсэн. Вьетнам-Лаосын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ нь тус эвслийн гол тулгуур бөгөөд гэрээний дагуу Лаос улс Вьетнамаас цэргийн дэмжлэх хүсэх боломжтой.

Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 1977 онд гарын үсэг зурснаас хойш Лаос нь Вьетнамыг алсаас хамгаалж, бусад өрсөлдөгчдийн нөлөөг үгүйсгэсээр ирсэн. Энэ нь Вьетнамын газар зүйн эмзэг байдалтай салшгүй холбоотой. Вьетнамын газар нутгийн хамгийн нарийхан хэсэгтэй Лаос хиллэдэг. Хоёр улсын хил 40-хөн км үргэлжилдэг. Тиймээс үүнийг гадаадын дайснууд ашиглах боломжтой гэж үздэг аж. Хэрвээ Хятад улс Лаосыг хяналтандаа авбал Вьетнам гурван талаасаа Бээжингийн хүрээлэлд орох юм. Тодруулбал, Вьетнам зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгистэй, хойд талаараа эх газрын Хятадтай, баруун талаараа Лаос, Камбожтой хиллэдэг.

Үндсэндээ Вьетнамын оршин тогтнох эсэх нь Лаостой салшгүй холбоотой. Вьетнамын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ ойлголтыг үгүйсгээгүй байдаг.

Ийм учраас Хятадын өрсөлдөөнд Лаосыг ивээлдээ байлгахын тулд Вьетнам асар их хүчин чармайлт гаргасан. Вьетнамын дайны үеэр Ханой ба Вашингтон аль аль нь АНУ гэх нийтлэг нэг дайсантай байсны зэрэгцээ Лаост ч бас нөлөө үзүүлэхийн тулд өрсөлдөж байжээ. Хятад улс 1979 оны хоёрдугаар сард Вьетнам руу довтолсон. Үүний дараахан Лаосын засгийн газар Хятад улсын хойд хилийн багахан хэсэг рүү довтолсноо мэдэгдэхэд Вьетнамаас цэрэг илгээж байв. Дараа дараагийн жилүүдэд холбоотон улсаа Хятад болон бусад эмх замбараагүй байдлаас хамгаалахын тулд Вьетнам улс Лаост 40 мянга гаруй цэрэг байршуулсан юм. Энэ мэтчилэн Вьетнам улс нь 1980-аад оны үед Лаосын аюулгүй байдал, эдийн засгийн гол холбоотон, ивээн тэтгэгч нь байв.

ВЬЕТНАМ, ХЯТАД ХОЁРЫН ЛАОСЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Хүйтэн дайн дуусч, 1991 оноос Лаос-Хятадын харилцаа хэвийн болсон. Энэ үйл явдал нь бас нэгэн шинэ сорилтыг үүсгэсэн юм. Тодруулбал, Вьетнам, Хятад хоёрын Лаосын төлөөх өрсөлдөөн энэ цаг үеэс эхлэн эдийн засгийн талбарт шилжжээ. Ингэснээр Лаос улс цэргийн холбоотон Вьетнам, эдийн засгийн чухал түнш Хятад хоёрын хооронд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх шаардлагатай болсон юм. Хятадын Лаос дахь нөр их хөрөнгө оруулалтыг эдийн засгийн байр суурийг бууруулж буй заналхийлэл гэж Вьетнам үзэж буй.

“Бүс ба зам” санаачилгаар дамжуулан Хятад улс зүүн өмнөд Ази дахь нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж байна. Тиймээс Вьетнамын Лаос дахь байр суурь улам дордож буй гэдгийг “The Diplomat” хуудас онцлов. Лаосын олон улстөрч Вьетнамд боловсрол эзэмшсэн ч Хятадыг эдийн засгийн хөгжлийн хамгийн үлгэр жишээ загвар гэж хүлээн зөвшөөрдөг.

Гэсэн хэдий ч Вьетнам чадах чинээгээрээ Лаост тусалсаар байна. Тухайлбал, Лаост үндэсний чуулганы шинэ ордон бэлэглэж, Вьентьян хотод шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулсан зэргийг энд дурдаж болно. Мөн Ханой-Вьентьяныг холбосон хурдны зам, хил дамнасан дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлжээ. Вьентьян-Вунг Анг холбосон төмөр зам нь Лаос-Хятадыг холбосон төмөр замын хариу арга хэмжээ гэхэд болно. Гэвч Вьетнам нь Хятадтай харьцуулахад сул дорой эдийн засагтай тул дэд бүтцийн санхүүжилтдээ Японоос тусламж хүссэн. Урт хугацаандаа Вьетнам улс Лаосыг алдаж байж болзошгүй.

Вьетнам улс Лаосын эдийн засгийн хамгийн чухал түнш байхаа больсон ч аюулгүй байдлынх нь хамгийн чухал баталгаа хэвээрээ гэдгээ харуулахыг хүсч буй. Саяхан хоёр улсын Батлан хамгаалахын дээд түвшний уулзалт болоход, “Ямар ч нөхцөлд хоёр орны арми мөр зэрэгцэн зогсож, бүхий л сорилт бэрхшээлийг даван туулна” гэж нотолсон байна.

Лаос улс Шри-Ланкын араас орж болзошгүй хүнд байдалд ороод буй энэ үед Бээжингийн нөлөөг тийм ч амар хязгаарлах боломжгүй юм. Вьетнам 2020-2021 оны хооронд хөрөнгө оруулалтаа 33 хувиар нэмэгдүүлэх замаар Лаосын эдийн засгийн ачааллаас үүрэлцсэн.

2022 оны эхний гурван сард хоёр талын худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өсчээ. Түүнчлэн хоёр улсын бизнес түншүүд сүүлийн таван жилийн хугацаанд Вьентьянд нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлсөн байна. Лаос дахь авлига, буруу менежменттэй л тэмцэхгүй бол Вьетнамын бага сага хөрөнгө оруулалт салхинд хийсэх эрсдэлтэй аж.

Эдийн засгийн хямралын үр дагавраас шалтгаалаад Лаос улс Вьетнам, Хятад хоёртой эн тэнцүү харилцсаар байх уу гэдгээ шийдэж мэдэх юм. Аюулгүй байдлын асуудал үүсэх магадлал харьцангуй бага тул Лаосын эрх баригчид эдийн засгаа илүү чухалчилж авч үзэж магадгүй. Тэд дотоодын тогтвортой байдлаа хадгалахын тулд Хятадаас эдийн засгийн тусламж авах шаардлагатай нь хөдөлшгүй үнэн. Ямартай ч Хятадын эдийн засгийн өсөлт Лаос дахь Вьетнамын нөлөөг сулруулсаар байна. Хятад-Вьетнамын дараагийн мөргөлдөөн Өмнөд Хятадын тэнгисийн төлөө биш Лаосын төлөө ч байж мэдэх юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж