Улс орон даяар эдийн засгийн хямралд өртөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул иргэд өдөр тутмын хоол хүнсний материалаа авахад хүндэрч буйг шүүмжлэх болсон. Иргэдийн худалдан авах чадвар буурснаас худалдаачдын орлого нь буурч "Нарантуул" захынхан өдрийн хүүтэй зээлээ ч төлж чадахгүйд хүрснээ ярьж сууна.
Хичээл сургууль амарч, хүмүүс найр наадам гээд явчихдаг тул зундаа "Нарантуул"-ын үйчлүүлэгч эрс цөөрдөг. Энэ зуны хувьд "гөлөөг" ч гэх хүнгүй байгааг худалдаачид хэллээ. Туёс захаар хөдөө, орон нутгийнхан л үйлчлүүлдэг. Наадам дуусч, найр, хуримны улирал эхэлсэн ч үйлчлүүлэгч, худалдан авагчгүй байгаа аж. Сүүлийн үед нийслэлийнхэн нь интернетээс бараагаа захиалаад авдаг болсон тул "Нарантуул"-аар орох нь эрс багассан байна. Нөгөө талдаа "Нарантуул"-ын худалдаачид 5-6 дугаар сард захисан зуны хувцас, намрын сурагчийн форм зэргээ одоо хүртэл каргоноос авч чадаагүй нь худалдан авалтад сөргөөр нөлөөлжээ. Ийнхүү олны хөлд дарагддаг олон улсын худалдааны тус төв эзгүйрчээ.
Эрээнд дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, үүнийг дагаад хөл хорио чангарч, хилийн хяналт ч нэмэгджээ. Мөн өмнөх саруудын захиалгын бараа гааль дээр удах, танил, тал, арын хаалгагүй бол ачаа тээвэр нь гацаж, түгжирч байгааг ч ярьсан юм.
"Нарантуул" нь задгүй тул халуунд халуун, хүйтэнд хүйтэн байдаг. Дээр нь худалдан авагчдын хэлж байгаагаар "Нарантуул"-ын барааны үнэ дэлгүүр, худалдааны төвийнхтэй яг адил. Тиймээс нийслэлийнхэн "Нарантуул"-ыг тоохоо больсон аж.
"Нарантуул" худалдааны төвийн гадаа талбайн түрээс "Алтжин Бөмбөгөр", "Сандэй", "Хар хорин" зэрэг худалдааны төвүүдийнхээс 20-40 хувь бага. Гэлээ ч зарж байгаа ижил барааны үнэ адил байгаа нь хэрэглэгч зорьж очихгүй байгаа шалтгаан болж байгааг бидний яриа авсан долоо хүний гурав нь хэлэв. Тухайлбал, өдийд нь эрэлт нь нэмэгддэг хүүхдийн цагаан цамц.
Формын тасгийн 20 гаруй лангууны тал нь нээлттэй, бараагаа өржээ. Эхнээс нь эхлээд цагаан цамцны үнэ асуухад материалаас шалтгаалаад хамгийн хямд нь 20 мянга бол дээд тал нь 35 мянга гэв.
УРДААС ИРДЭГ БАРААНЫ ҮНЭ ОГТ НЭМЭГДЭЭГҮЙ
Өнгөрсөн жил яг дээрх цамцнууд 15-25 мянган төгрөгийн хооронд байсан аж. Харин үнэ нэмсэн шалтгааныг худалдагчаас асуухад “Барааны үнэ урд огт нэмэгдээгүй. Ачаа тээвэрлэх зардал л хэд нугарсан. Тэр өртгөө бид бараан дээрээ нэмэхгүй бол яаж хоногийн хоолоо залгуулж хүрэх вэ дээ” гэцгээнэ. Урьд жилүүдийн өдийд хичээл сургалтын бэлтгэлээ хүмүүс хэдийнэ базааж эхэлсэн байдаг байжээ. Энэ жил харин тэр их хөл хөдөлгөөн нам гүмээр солигдсон байна. "Нарантуул"-ын хашаагаар ороод нүүрэн эгнээнд өнгө алагладаг дэвтэр, хичээлийн хэрэгслийн худалдаа ч хараахан гараагүй байв.
Харин "Баялаг-Ундраа" худалдааны төвийн урд аяллын бараа ихэвчлэн өрж тавьжээ. Тус нүүрэн талын эгнээ буюу талбайг түрээсэлдэггүй бөгөөд худалдаачид өөрсдийн лангууны хэсгээс бараагаа өнгөлж авч зардаг байна.
Нүүр эгнээнээс хойшилбол бичиг хэрэг тун цөөн байв. Дэвтэр, үзэг болоод бусад хичээлийн хэрэглэгдэхүүний үнийн хувьд: Дотоодын үйлдвэрийн дэвтэр
- 12 хуудастай нь 250-300
- 24 хуудастай нь 500-650
- 36 хуудастай нь 630-700
- 48 хуудастай нь 840-1020
- 60 хуудастай нь 1050-1100
- 96 хуудастай нь 1680-1700 төгрөгөөр зарагдаж байв.
Польшийн болон бусад импортын дэвтэр дотоодын дэвтрээс хямд үнээр худалдаалагдаж байв. 12 хуудастай нь 200-230 төгрөг, 24 хуудастай нь 400-450 төгрөг, 32 хуудастай нь 500-550 төгрөг гэх мэтчилэн үнэтэй байв. Үзэг болон бусад бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилээс харин хямдарчээ.
Тэгвэл сурагчийн дүрэмт хувцасны хувьд хүмүүс ихэвчлэн цамц, өмд зэргийг салгаж авч байгаа аж. Өмд анги бүлгээс шалтгаалж даавуун, тааран зэрэг материалтай нь 25-40 мянган төгрөг. Охидын юбка 25-45 мянга, цагаан, цэнхэр цам мөн л материалаас хамаарч 20-35 мянган төгрөгөөр зарагдаж байна. Бага ангийн бүрэн дүрэмт хувцас 95-110 мянгын хооронд байсан бол энэ жил 110-1250 мянга болж өсчээ. Харин дунд ангийнхан дүрэмт хувцас гэхээл илүүтэй өмч, ноосон желетка, цагаан цамц авч байгаа бөгөөд энэ гурав нийлээд 100 мянган төгрөг гэв. Сайн материалтайг авах бол үнэ нь нэмэгдэнэ гэдгийг ч худалдагч онцлов.
Дүрэмт хувцасны тасаг Баасан гаригт бараг хүнгүй байсан бөгөөд хичээлийн бэлтгэлээ базааж байгаа нэг гэр бүлтэй таарав. Иргэн н.Алгирмаа гурван хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлдэхээр гарч ирсэн байна. Формоо авсан.
Гурван хүүхдэд форм авахад 350 мянган төгрөг болсон. Өнөөдөр хичээлийн хэрэгслээ бэлдээд, хэд хэдэн газраар орсон. "Нарантуул" сэлүүхэн, хүн бага байна. Үнэ нь ч боломжийн. Тиймээс энэ захаас үлдсэн хэрэгтэй зүйлсээ худалдаж авна гэж бодож байна гэлээ.
Мөнхийн хөл хөдөлгөөнтэй байдаг "Нарантуул" зах ийнхүү эл хуль байгаад хүмүүс дасахгүй байгаа бололтой. Харин худалдагчид наадмын өмнө бужигнаж сэргэсэн эрчээрээ л ажиллаж байна гэв. Ямартай ч ирэх долоо хоногоос сурагчид хичээлийн бэлтгэлээ базаах байх гэсэн горьдлого тээсэн худалдагч нартай Нарантуулынхан их л ил хуль харагдлаа.
Холбоотой мэдээ