Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөлийн саналд тулгуурлан цар тахлын дараагийн давлагааны эрсдэлээс сэргийлж 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан талаар өнгөрсөн долоо хоногт ЭМЯ мэдээлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу тус насны бүлэгт хамаарах хүүхдүүдийг маргаашаас эхлэн дархлаажуулна. Гэхдээ энэхүү дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах эсэхийг шийдэх юм.
Маргааш /2022.08.01/ 5-11 насны хүүхдээ вакцинжуулалтад хамруулах бол харьяа дүүрэг харгалзахгүй вакцины цэгт очих боломжтой.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:
-Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давлагаа эхэлсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар нийт тохиолдлын 10 орчим хувьд илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа харьяа салбар зөвлөл, бусад төрийн бус байгууллагуудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн.
-Хүүхдийг вакцинжуулах зайлшгүй шаардлагатай юу. Одоогийн байдлаар ямар улс орнууд бага насныхныг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж ДЭМБ болон ЭМЯ шийдвэр гаргаж байгаа. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна. Мөн бусад улс орнууд ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд хүүхдийг вакцинжуулж эхэлсэн. "Pfizer-BioNTech" вакциныг АНУ тэргүүтэй зарим оронд зургаан сараас дээш насны хүмүүст тарьж байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас вакцины найдвартай байдалд баталгаа өгсөн.
Хүүхдийг хүнд хэлбэрийн Covid-19 өвчин болон тахлын шинэ хувилбарт нэрвэгдэхээс хамгаалах, эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээнд орж хүндрэхээс сэргийлэхэд вакцин гол үүрэгтэй.
-5-11 насныхныг вакцинжуулахад гарах эрсдэл бий юу?
-Бид вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. ДЭМБ болон бусад улс орны эрүүл мэндийн байгууллагууд ч судалж байгаа. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэг хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Мэдээж сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтой.
Монгол Улсын хувьд "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа.
-Омикроны хоруу чанар харьцангуй багассан гэж иргэд тайвширч байна. Гэтэл дараагийн давлагаа гэхээр дахин халдварын дэглэмийг чанд сахих ёстой гэсэн үг үү?
-Цар тахал намжсан гэж иргэд тайвширч болохгүй. Халдвар хамгааллын хувийн дэглэмийг сайтар баримталж, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Омикрон хувилбарын тухайд олон хувилбартай. Шинэ хувилбар бүрийн хоруу чанар өөр, өөр. Тиймээс иргэд тайвшрахад эрт байна.
ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:
-Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна. Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой байгаа.
5-11 насныхан болон 12-17 насныханд бас дархлаажуулалт хийх сайдын тушаал шийдвэрийг гаргахдаа олон улсад хийж буй вакцинжуулалтын үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний үр дүнг харгалзсан.
Мөн Монголын дотоодын судалгааны үр дүн, олон улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийн шийдвэр гэх мэт маш олон шат дамжлагыг дамжин баталдаг эрх зүйн акт юм.
Холбоотой мэдээ