ТОЙМ: Засгийн газар ургац хураалтад зориулж 6.5 тэрбумыг гаргана

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Засгийн газар ургац хураалтад зориулж 6.5 тэрбумыг гаргана

ТОЙМ: Засгийн газар ургац хураалтад зориулж 6.5 тэрбумыг гаргана

Баяр наадмын амралтын дараа нийтээр амарсантай холбоотой үйл явдал харьцангуй бага байгаа ч өнгөрч буй долоо хоногт Засгийн газраас ургац хураалттай холбоотой болоод бусад цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Мөн цэргийн ангид сүрьеэгийн халдвар тахрсан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэв.

ЗГ: НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний ногооны үнийг тогтворжуулах, Атрын дөрөвдүгээр аяныг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн агуулгаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан баланс гарна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна.

Өнгөрсөн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотой хоёр тогтоолыг баталсан юм.

Энэ жил их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, сургалтын кридет цагийг тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын хамтарсан хэсэг байгуулсан. Нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан. Намрын ургац хураалттай холбоотой техник, тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх ажлыг холбогдох сайд нарт даалгасан.

Энэ жил бүх нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч Дундговь аймагт зуншлага оройтож, малын тарга тэвээрэг төдийлөн сайн биш байна. Тэгэхээр зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхий сайдын даалгаврын дагуу Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг улсын хэмжээнд зудын эрсдэлийг гаргаж, дүгнэлт хийнэ.

Мөн энэ жил нийтдээ 67.7 сая толгой мал тоолуулж, 24 сая төл хүлээн авсан нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 сая толгой мал бэлчээрлэж байна. Малын зүй бус хорогдол 1.6 сая байдаг бол энэ жил 118 мянган толгой болж буурсан.

ЦЭРГИЙН АНГИД СҮРЬЕЭ ТАРХСАН АСУУДЛААР ЗХЖШ-ААС МЭДЭЭЛЭВ

Зэвсэгт хүчний жанжин штабын эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Сүхбаатар Монгол Улс дэлхийн сүрьеэгийн өндөр тархалттай 30 орчны нэг. Дотоод болон гадаад нөлөөллөөр сүрьеэ тархдаг. Нэг сүрьеэгийн идэвхтэй тохиолдлын цаана 20-25 тохиолдол бүртгэгддэг. Монголд жилдээ 3-4 мянган тохиолдол гардаг. Нас баралт, эрсдэл өндөртэй.

Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр гарсан тохиолдол энэ оны гуравдугаар сард анх оношлогдсон. Энэ хугацаат цэргийн алба хаагч цэрэгт ирэхээсээ өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан. Үеэл нь сүрьеэгээр өвчилсөн байсан нь судалгаагаар тогтоогдсон.

Нууц үедээ байхдаа тухайн цэргийн алба хаагч цэрэгт ирж, гуравдугаар сард сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн. 4-6 дугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношилгоо, шинжилгээний төв, цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн тандалтын багийнхантай хамтран гурван удаагийн тандалт хийсэн. Сүүлийн тандалт буюу долдугаар сарын 1-10-ны хооронд хийгдсэн тандалтаар нууц үедээ явж буй, идэвхгүй хэлбэрийн 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Үүнийг дүрс, оношилгоо, цээжний рентген зураг, халдвар үүсгэгчийн шинжилгээгээр тогтоосон. Эдгээр тохиолдлууд идэвхгүй хэлбэрийн сүрьеэ. Нууц үед нь оношилсон. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сүрьеэгийн халдвартай ойрхон байсан хүмүүсийг эмчилгээнд заавал хамруулах ёстой. Энэ бол идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж буй арга хэмжээ. Үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 15-наар дараагийн холбогдох шаардлагатай бүлгийг ажиллуулах болно гэдгийг онцолсон юм.

ЧЕЖҮГИЙН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНААС 23 МОНГОЛ ИРГЭНИЙ ТАЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Монгол Улсын 150 гаруй жуулчин зургадугаар сарын 22-нд БНСУ-ын Чежү арал руу аялахаар очсон. Гэвч тэдний 23 нь Чежү аралд нэвтэрснийхээ дараа холбоо тасарсан нь тогтоогдсон билээ. Тэд тус улсад визгүй нэвтэрсэн тул долдугаар сарын 21 хүртэл 30 хоног байх эрхтэй байсан. Энэ сарын 21-нд визгүй нэвтрэх хугацаа дууссанаар Чежүгийн Цагаачлалын алба болон Гадаад харилцааны агентлаг тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. Аялал жуулчлалын салбарын нэгэн ажилтны хэлэхдээ, “Гадаад ажилчдыг тариачид, ажиллах хүчин хүрэлцдэггүй загасчны тосгонд зуучилдаг брокер дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байж болзошгүй” гэв.

Чежүд нэвтрээд хаана байгаа нь тодорхойгүй болсон монголчуудын статусыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн жуулчин биш бичиг баримтгүй гадаадын иргэн болгосон. Анх 25 иргэн сураггүй болсноос нэг нь энэ сарын 13-нд Монголд буцаж ирсэн бол хоёр дахь нь 21-ний өдөр Сингапурыг зорьжээ.

Цагаачлалын алба “Чежү хотоос визгүй оргон зайлсан этгээдийг баривчлах баг”-ийг тусгайлан гаргасан байна. Баривчлагдсан иргэдийг албадан гаргах зэрэг холбогдох хуулийн арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Мөн бичиг баримтгүй гадаадын иргэдийг ажилд авсан ажил олгогч Цагаагчлалын хяналтын тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх юм. Саяхан Чежү дэх нэгэн түгээлтийн компанид найман тайланд иргэн ажиллаж байгаад баригдсан.

ДАРХАНЫ ЗАМ БА ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ ШАЛГАНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Дархан замын бүтээн байгуулалт болоод Зүүнбаян болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд удааширсантай холбоотойгоор алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг шалгахыг даалгасан байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах үүргийг өгчээ.

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дарханы замын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцахдаа ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг хатуу сануулсан. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм. Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж