“NoWar” иргэдийн хөдөлгөөний зүгээс Монгол Улсын хил давж орж ирсэн оросын зэвсэг техник зориуд хот, суурин газруудаар дайрч өнгөрч түрэмгийллийн хэлбэрийг агуулж байна. Тиймээс өчигдөр буюу энэ сарын 30-нд Оросын Элчингийн гадна тайван жагсаал өрнүүлж, эсэргүүцлээ илэрхийлэв.
Тус хөдөлгөөнийхөн 10 гаруй удаагийн тайван жагсаалаар энх тайвны төлөө жагсч байгаа билээ.
“NoWar” иргэдийн хөдөлгөөнийхний хэлж байгаагаар Засгийн газар хүч түрэн соёлын өвийн газруудыг устгасан. Тэр үеэс л шаардлагуудыг тавьж байсан. Иргэдийн оролцоотой илэрхийлж буй байр суурийг огт сонсдоггүй. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардаж байсан. Мөн Ерөнхий сайд жендэрийн мэдрэмжгүй мэдэгдэл хийж байхад нь ч шаардлага тавьсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байж бухимдал арилдаг. “No Double Standard” хөдөлгөөнөөс болж олон залуучуудыг хэрэгт татсан. Энэ мэтчлэн шаардлагуудыг тавьж ирсэн. Жагсаал цуглаан, мэдэгдэл гээд бүхий л аргаар шаардлага хүргүүлж байсан. Хариуцлага хүлээж чаддаг, ийм зүйл байдгийг харуулж өгөөч гэж л бид хүссэн. Засгийн газрыг огцруулах нь улс орныг тогтворгүй байдалд оруулж байгаа гэсэн үг биш. Ашиглалтын хугацаа нь хэтэрсэн бол нэг удаагийн салфетка шиг, живх шиг сольж байх хэрэгтэй. Алдаанууд овоорсоор байгаад улс орныг хүнд хэцүү байдалд оруулдаг. Улс орны хөгжил пи ар, пропагандагаар явдаггүй. Хийсэн ажлаа пи-арддаг болохоос биш хийгээгүй ажлаа хийсэн мэт, эдийн засаг нь өсөөд байгаа юм шиг пропоганда явуулбал хор уршиг дагуулна.
Дайныг эсэргүүцсэн 10 гаруй удаагийн жагсаал боллоо. Бүгд л дайныг эсэргүүцлээ. Хэвлэл мэдээлэл ч олон удаа дамжууллаа. Монголын нутаг дэвсгэрт оросын зэвсэгт техник явна гэдэг тусгаар тогтнолыг айдаст автуулж буй явдал.
Тиймээс цаашид ч дайныг эсэргүүцэх болно. Түрэмгийлэгчид Монгол Улсыг айдаст автуулж байна. Улс нь байр сууриа илэрхийлээгүй ч иргэд нь хэнээс ч айхгүй, Оросоос хараат бусаар хэлэх үгээ илэрхийлдэг гэдгээ харуулна.