Украин улс дайнаас хойш анхны үр тарианы хөлөг онгоц боомтоос хөдлөхөд бэлэн болжээ. Ерөнхийлөгч Зеленский экспортыг сэргээх НҮБ-ын хэлэлцээрээс долоо хоногийн дараа Чорноморск боомтод айлчлах үеэрээ ингэж хэлсэн байна. Украины боомтуудыг бүсэлсэн нь хүнсний хомсдол үүсгэж, үнэ өсөхөд хүргэсэн.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр /2022.07.29/ хэлэлцээ хийх үеэр үр тарианы асуудал хурцаар хөндөгдсөн. Блинкен хэлэхдээ, "Орос улс Украинаас үр тариа экспортлохыг зөвшөөрөх амлалтаа илэн далангүй ярилцаж биелүүлэх ёстой. Мөн Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэхийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэлсэн байна.
Албаныхны мэдээлснээр одоо 17 хөлөг онгоц 600 мянган тонн ачаатай хүлээж буй. "Хар тэнгисээр дамжин өнгөрөх замыг эцэслэн шийдсэн үед л экспортыг аюулгүйгээр үргэлжлүүлэх боломжтой" гэж НҮБ-ын тусламжийн албаны дарга Мартин Гриффитс хэлэв. Орос, Украины байгуулсан гэрээний дагуу далайн коридор, цуваа, ачааг шалгах ажлыг Турк дахь хамтарсан зохицуулалтын төв зохион байгуулж буй бөгөөд эцсийн бэлтгэл ажил хараахан дуусаагүй аж.
Эхний хөлөг онгоцны зорчих газар хараахан тодорхойгүй байна. Украины албаныхан Чорноморск, Одесса боомтоос эхний хөлөг онгоцууд явахад бэлэн байгаа бол долоо хоногийн эцэс гэхэд гурав дахь боомт болох Пивденныйг бэлтгэнэ гэж мэдэгджээ.
Оросууд түрэмгийлэхээс өмнө тус хоёр улс дэлхийн улаан буудай, арвайн экспортын гуравны нэгийг эзэлж байсан.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ