Шри Ланкын засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Сүүлийн 70 жил нүүрлээгүй санхүүгийн хямралд нэрвэгдэж, олон улсын эргэн төлөлтөө хийж чадахгүй зогсоосноо мэдэгдсэн юм. Шри Ланк нь ДНБ-ийхээ 86.8 хувьтай тэнцэх гадаад өртэй, энэ онд зургаан тэрбум ам.долларын гадаад өрийг барагдуулах ёстой байлаа. 22 сая иргэнтэй Шри-Ланкын ДНБ нь гадаад өр нийтдээ 51 тэрбум ам.долларт хүрчээ.
Ийнхүү тус улсын дампуурал Азийн орнуудад айдас дагуулж байна. ОУВС-аас Шри Ланкын араас орж болзошгүй улс орнуудын тоонд Монгол нэрлэгдэж буй. Монгол Улс өнөөдрийн байдлаар 33.2 тэрбумын гадаад өртэй. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй, Шри Ланктай харьцуулах юм бол нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр тэднээс дөрөв дахин их “өглөгтэй” байна гэсэн үг. /АН-ын засгийн үед Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр өрийг өглөг гэж нэрлэх санаачилга гаргаж байв/
Оны эхэнд инфяци 15 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16.1, Улаанбаатарт 16.9 хувьтай байна. Хэрэвзээ эдийн засагчдын анхааруулга үнэн бол энэ оны сүүлээр инфляци бараг 20 хувь руу дөхөж болзошгүй аж. Ядаж байхад шатахууны үнээс гадна төмсний үнэ өсч, валютын нөөц буурсан. Энэ нь манай дарга нарын хувьд жижигхэн цочрол байж болох ч энгийн иргэд эмзэг бүлгийнхэнд илүү хүнд дарамт болж байгаа. Хоёр төмсөөр хоногийн хоолоо аргалдаг байсан айлууд хоосон хонодог болсон гэсэн үг. Ирэх намар, өвлөөс эдийн засаг илүү хүндэрнэ, иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Хоол унд, хувцас хунар авдаг мөнгөө зээлэндээ өгөхөөр эдийн засагт эргэлдэх бэлэн мөнгө хумигдах нь лав.
Иймээс энэ асуудлыг өнөөдөр ээлжит бус чуулганаар эрх баригчид хэлэлцээд сууж байх ёстой байтал, аялж, зугаалж, дуулж, хуурдаж, энд тэндийн ой хэсч, айраг цагаа эргүүлсэн шигээ амарч явна.
Саяхных хүртэл Монгол Улс дампуурлаа зарлах дээрээ тулж байв. Хөгжлийн банкны хулгай, луйвраас болоод 2023 онд төлөх олон улсын төлбөр тооцоогоо төлж чадахгүйд хүрснийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн. Нийтдээ 1.6 их наядын чанаргүй зээлээс 500 гаруй тэрбумын эргэн төлөлт хийгджээ. Ингэснээр нэг удаадаа дампуурах эрсдлээс ангижирч байгаа болохоос Монгол Улс аюулыг ардаа үлдээсэн гэсэн үг огт биш. Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын өрийг төлөх эзэнгүй, “Бэрэн”, “Эрэл”, “Нью яармаг хаусинг прожек” компанийн өр төлөгдөөгүй байгааг Сангийн яам мэдээлсэн.
Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямрал бол чухамдаа улстөрчид нь улсаа тоносноос үүдэлтэй. Цар тахал, дайн байлдаан эдийн засаг мэдээж сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн авлига, төсвийн хулгай хоёр энэ улсын эдийн засгийн ийм хэмжээнд аваачсан гэж ойлгочиход буруудахгүй. Нэг хоёр жилийн асуудал биш олон жил ужиг хулгай, луйврын үр дагавар, үйлийн үрийг улсаараа амсч байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үеэр төв банкны ерөнхийлөгчийн түүнд өгсөн мэдээллээс харвал хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгаа гэж. Импортынх бүү хэл дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийх нь үнэ бараг хоёр дахин өсчихсөн л дөө. Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэх. Валютын нөөц багасана гэдэг сайн мэдээ биш. Тиймээс парламентаас валютын нөөцөө хадгалах, нэмэгдүүлэх ямар боломж байна, түүнийг авч хэрэгжүүлэх ёстой.
АН-ын засгийн үед алтны ролятийг бууруулж, валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлж байсан. Ардын намын үед бодлогын хүүгээ нэмэгдүүлэх замаар нөөцөө хамгаалж байх шиг байна.
Эдийн засгийн хямралаар хөндөгддөг нэг асуудал бол төсвийн хэмнэлт. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгахаар болсон байна лээ. УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан агаад өдгөө гурван сар өнгөрч байгаа, төрийн хэрэглээг харахад төсвийн гойд хэмнэсэн юмгүй шинжтэй. Жишээ нь, яам, төрийн агентлагууд өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийн хэмнэлт гаргасан бэ гэвэл сонирхолтой л тоо гарах байх. Зарим нь орлогч , зөвлөхүүдээ цөөлсөн барьсан юмгүй, газар хэлтэсийн дарга болгоод “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдэх тактиктай ажиллаж байх шиг. Уг нь төрийн 200 мянган албан хаагч байдгаас 80 орон тоо буурахад 1.3 тэрбум төгрөгийг хэмнэх гэхээр төрийг цомхон чадварлаг болгохыг эдийн засаг өөрөө шахаж, шаардаж байна гэсэн үг.
Ер нь тэгээд хулгай, луйвар, төрийн тансаглалыг хумихгүйгээр төсвийн хэмнэх боломжгүй. Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямралын үндэс нь үндсэндээ манай улстөрчдийн хулгай луйвар гэсэн үг.
Холбоотой мэдээ