Япон улсын засгийн газар өчигдөр /2022.07.29/ аж ахуйн нэгж, компаниудад цалингаа үнийн өсөлттэй зэрэгцүүлж нэмэх уриалгыг хүргүүллээ. АНУ, Европ болон бусад орон дайны улмаас үнийн өсөлтөд нэрвэгдээд буй энэ цаг үед дэлхийн гурав дахь том эдийн засаг улс орноо зогсонги байдалд орохоос сэргийлж арга хэмжээ авахаар хичээж байна.
Уриалгад дурдсанаар “Хоёр хувийн үнийн өсөлтөд тохирсон цалингийн нэмэгдэл бүхий шинэ системд шилжих шаардлагатай” гэжээ. Японд эдийн засаг үргэлжлэн өссөөр байгаа ч үнийн өсөлтийн хурд төдийлөн их биш байгаа юм. Тиймээс тус улсад стагфляци буюу өндөр инфляци, ажилгүйдэл холилдсон нөхцөл байдал хараахан нүүрлээгүй байна.
Япон дахь үнийн өсөлт нь түүний нефтээс шалтгаалсан импортын үнийн өсөлттэй холбоотой гэдгийг албаны хүн хэллээ. Тус улс удаан үргэлжилсэн дефляциас хараахан гарч чадаагүй байгаа аж. “Дефляциас гарахын тулд үнийн өсөлтийг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулах нь амин чухал” гэдгийг засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.
Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл Японд инфляцийн дарамт АНУ, Европоос хамаагүй сул байгаа аж. Чулуужсан түлш болон байгалийн хийн үнэ дэлхий дахинд өссөөр байгаа тул Япон улс цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатайг мөн уриалгад дурдсан байв.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ