"Хүннүгийн язгууртны 10 дахь булшийг илрүүлснээрээ онцлог"

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

"Хүннүгийн язгууртны 10 дахь булшийг илрүүлснээрээ онцлог"

"Хүннүгийн язгууртны 10 дахь булшийг илрүүлснээрээ онцлог"

Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэнтэй энэ удаа ярилцлаа. Тэрбээр 40 гаруй жил антропологи буюу хүн судлалын чиглэлээр судалгаа хийж буй бөгөөд МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийг үүсгэн байгуулсан гавьяатай хүн билээ.


-Та сайхан наадав уу. Хаана наамдамлав?

-Сайхан наадлаа. Энэ жилийн зуншлага сайхан, өргөн дэлгэр сайхан наадам боллоо. Би хотод наадамласан.

-Түүхч, судлаачид зуны улиралд амрах завгүй ажилладаг, таны хувьд багагүй ажилтай байгаа бололтой?

-Тийм шүү. Дийлэнх судлаач зуны улиралд л хээрийн судалгаа хийж судалгааны анхдагч хэрэглэгдэхүүнээ цуглуулдаг. Ялангуяа, археологич, антропологичид соёлын өвийн хайгуул, малтлага судалгаагаа зуны улиралд л хийх боломжтой байдаг юм. Иймд энэ мэргэжлийн судлаачид зун тун завгүй хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн явж өвөг дээдсийн маань бидэнд өвлөн үлдээсэн археологийн соёлын дурсгалын малтлага судалгаа хийнэ.

Үүний зэрэгцээ ажиллаж буй орон нутгийн соёлын өвийн газар зүйн байршлыг тогтоох, бүртгэх, баримтжуулах, дурсгалтай холбоотой  биет бус соёлын өвийн талаарх  мэдээллийг цуглуулах, баримтжуулах, бүртгэх гээд л олон чиглэлийн судалгаа хийдэг юм.

-Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усан гэдэг газраас Хүннүгийн язгууртны булшийг илрүүлсэн тухай сонслоо. Уг малтлага судалгааг ШУТИС-ийн баг хийж байгаа гэсэн. Энэ Хүннүгийн язгууртны хэд дэх булш вэ. Булшны хувьд онцлог байв?

-Тийм ээ. ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатар ахлагчтай судалгааны баг өнгөрсөн жил  Завхан аймгийн зарим нутагт археологийн хайгуул судалгаа хийх явцад Алдархаан сумын Ямаан ус хэмээх газраас Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын цогцолбор олж илрүүлэн энэ жилээс суурин малтлага судалгаа хийж эхэлсэн. Манай оронд малтан судалсан Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалын 10 дахь нь байх шүү. Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал манай оронд хэд хэдэн аймгийн, тухайлбал Архангай, Ховд, Хэнтий, Төв аймгийн нутгаас илрүүлэн малтлага судалгаа хийж байгаа юм. Харин Завхан аймгийн нутагт Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг анх удаа илрүүлэн малтлага судалгаа хийж байна.

Энэ бүс нутагт дахь анхны судалгаа болж байгаагаараа онцлог, шинэлэг. Хүннү судлал болон Хүннүгийн археологийн дурсгалын судалгаанд шинжлэх ухааны чухал ач холбогдолтой юм.

-Өөр хаашаа хээрийн судалгаанд явсан бэ. Олз омог сайтай явав уу?

-Доктор Д.Хатанбаатарын урилгаар Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны булшны малтлаганд л хэд хоног явлаа.

-Түүхэн дурсгалт олдвор нээн илрүүлж, малтлага судалгаа явуулсны дараах үе шатыг танилцуулж өгөөч. Жишээлбэл, Хүннүгийн язгууртны булшийг одоо яах вэ?

-Археологтийн малтлага судалгааны явцад ирүүлсэн эд өлгийн болон хүний ясны олдворыг лабораторийн нарийн шинжилгээ хийх судалгааны чимэхлүүр ажил эхэлдэг. Эд өлгийн олдворуудын гар зураг гаргах, бусад газрын тухайн түүхэн үеийн археологийн олдвортой харьцуулах, гарал үүслийг тодорхойлох боломжтой лабораторийн шинжилгээ хийх гээд л олон чиглэлийн судалгааг хийдэг.

Хүний ясны олдворуудыг тус бүрээр краниологи, остеологийн  олон шинжээр хэмжилт хийж тухайн хүний амьд ахуйн  дүр төрх, бие бүтцийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, палеопатологи, хэмжилтийн бус буюу эпигенетикийн шинжүүдийг тодорхойлох,  үнэлэхүй он цаг тодорхойлох, ясны ДНХ, тогтонги изотопын шинжилгээний дээж бэлтгэх гээд олон чиглэлийн судалгаа хийдэг.

-Археологийн олдвор оллоо гэхэд шууд төрийн мэдэлд өгнө биз дээ?

-Археологийн судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд  археологи, антропологийн олдворын сан хөмрөгтэй байдаг. Тухайн байгууллага  жил бүрийн олдвороо тус бүрээр маш нарийн бүртгэсэн катологи болон цахимжуулсан бүртгэл хөтөлж сан хөмрөгтөө хадгалдаг.

Ховор чухал олдворуудыг Улсын эрднэсийн сан, музейн сан хөмрөгт албан ёсоор хүлээлгэн өгдөг.

Монголд археологи, антропологийн салбар хэрхэн хөгжиж байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач хэр олон бэлтгэгдэж байна вэ?

-Монголд археологи. антропологийн шинжлэх ухаан олон улсын түвшинд хүрсэн гэж боддог. Энэ утгаараа энэ чиглэлийн судалгаа хийдэг МУИС-ийн антропологи-археологийн тэнхим, ШУА-ийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн археологичид, Улаанбаатар Их сургуулийн түүх-археологийн тэнхим зэрэг мэргэжлийн хэд хэдэн байгууллагууд байгаа.

Тус бүр манай орны археологи, антропологийн чиглэлээр  олон улсын болон үндэсний төслийн хүрээнд судалгаа хийж байгаа билээ.

-Та хүн судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжих тулгын чулууг тавьсан. Монголчуудын угсаа гарвалыг судлахад ямар арга ашигладаг юм бэ?

-Нийт хүн төрөлхтөний биологи, нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг салбар шинжлэх ухаан нь антропологи буюу хүн судлалын шинжлэх ухаан юм. Нэн эртний мичин өвгөөс орчин үеийн ухаант (хомо сапиенс) хүн хүртлэх хүний хувьсал хөгжлийн мөн чанарыг хүний  биологи, соёл, нийгмийн хөгжлийн хүрээнд  байгаль, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хосолмол хэлбэрээр цогц судалдаг.

Хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүх нь олон улсын үе үеийн антропологчдын  судалгааны зангилаа асуудлын нэг эдүгээ хүртэл болж ирсэн.

Учир нь тухайн улс орон, бүс нутагт нэн эртний үе буюу эртний чулуун зэвсгийн үеэс дараа дараагийн түүхэн үеийн соёлын олон төрлийн өв  дурсгал байдаг. Түүхэн үе үеийн соёлыг бүтээгч хүн амын дүр төрх, биеийн бүтэц, өвчлөлт, хоол хүнс болон генетик бүтцийг судалдаг антропологийн судалгааны мэдээлэл нь тухайн бүс нутгийн эртний болон орчин үеийн хүн ам, угсаатнуудын угсаа гарвал, гарал үүслийн түүхийн судалгаанд түүх-археологийн мэдээллийн нэгэн адил эх сурвалж болдог.

Археологи-соёлын бүсчлэлээр манай орон Зүүн Ази, Евразийн тал нутгийн зүүн бүсэд ордог. Манай орны түүхэн бүх үеийн археологи-соёлын олон төрлийн дурсгал нь Зүүн Ази болон Евразийн хил зэргэлдээх, тухайлбал шинэ чулуун зэвсэг, хүрэл, төмрийн эхэн үеийн афанасьев, чемурчек, сагил-чандмань, мөнххайрхан, хиригсүүр,  буган хөшөө зэрэг болон Хүннү, Дундад зууны түрүү үе, Монголын үеийн археологийн дурсгалууд, Өмнөд Сибирь, Алтай, Тува, Казахстан, Шинжаанд харин Төв ба Дорнод Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш, улаан зуух хэлбэрийн дурсгал Өвөр Байгал, Амар мөрний эх, Өвөр Монголын нутагт байдаг.

Манай орон хуучин чулуун зэвсэг, шинэ чулуун зэвсэг, хүрэл, төмрийн эхэн үе, хүннү,  дундад зууны түрүү үе, монголын эзэнт гүрний үеийн хүн ам, нүүдэлчдийн өнөөгийн үеийхэнд өвлүүлэн үлдээсэн олон төрлийн өв соёл-археологийн дурсгалаар арвин баялаг.

Манай орны түүхэн тухайн үеийн археологийн булшны дурсгалын малтлага судалгаагаар илэрсэн эд өлгийн олдвороос гадна хүний ясны олдвор элбэг илэрдэг. Хүний ясны олдворуудыг  антропологийн олон чиглэлээр, тухайлбал антропологийн дүр төрхийг тодорхойлох гавлын хэмжил зүйн судалгаа, генийн санг  судлах молекул антропологийн судалгааны үр дүнг бүс нутаг, тивийн хүрээнд харьцуулан судласнаар уг соёлыг бүтээгчдийн нүүдэл суудал, соёлын харилцан холбоо, угсаа гарвал, гарал үүсэл зэрэг түүхэн олон талт асуудлыг магдлалын нарийвчилсан түвшинд шийдвэрлэх эх сурвалжийн нэг болдог.

Манай орны янз бүрийн бүс нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн түүхэн дараа дараагийн үеийн  археологийн дурсгалын малтлага  судалгаагаар илэрсэн антропологийн олдворуудыг краниологи, остеологи, молекул антропологи буюу эртний ДНХ-ийн чиглэлээр судлах нь миний судалгааны гол чиглэл юм.

-Археологийн олдвор илрүүлж, малтлага судалгаа хийхэд  орон нутгийнхны зүгээс хэр хүндрэл саад учруулдаг вэ?

-Жил бүр БШУЯ-ны дэргэдэх соёлын биет болон биет бус дурсгалыг хариуцсан мэргэжлийн тусгай комиссын хурлаар тухайн мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн Археологийн дурсгалын хайгуул, малтлага судалгаа хийх саналыг хэлэлцэн зөвшөөрөл олгодог. Тухайн орон нутагт археологийн малтлага судалгаа хийхдээ орон нутгийн захиргаа, иргэдэд яриа танилцуулга хийдэг. Иймд ямар нэг их хүндрэл гардаггүй.

Тухайн археологийн дурсгалыг анх илрүүлэн малтлага судалгаа хийсэн судлаач анхдагч нь болох бөгөөд дараа дараа үеийн судлаачид уг дурсгалыг үргэлжлүүлэн судалж бүтээл туурвихдаа анхдагчийг дурьдах, бүтээлээс нь ишлэл хийх нь шинжлэх ухааны ёс зүйд нийцнэ. Гэвч манайд энэ нь зарим тохиолдолд хэрэгждэггүй.

-Яагаад?

-Янз бүрийн олон л шалтгаантай байдаг байх гэж бодож байна.

-Хүн судлалын салбарт гарсан, Монголтой холбоотой сүүлийн үеийн сонирхолтой судалгаа юу байна?

-Манай орны неолитийн үеэс түүхийн дараа дараагийн үеийн антропологийн олдворуудыг эртний буюу ясны ДНХ судалгаа, тогтонги изотопыг судалгаа, үнэлэхүй он цаг тодорхойлох С14-ийн судалгаа гээд олон чиглэлээр АНУ, Герман, Өмнөд Солонгосын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний төслийн хүрээнд судалгаа хийж үр дүнгээр олон улсын эрдэмтэдтэй хамтран судалгааны өгүүлэл бичиж "Nature", "Cell, Archaeological Science", "PloS"one зэрэг мэргэжлийн өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлүүлсэн болно.

-Монгол эрдэмтэд онолын талаас маш сайн ч генетикийн түвшний судалгаа хийх боломжгүй гэж сонссон?

-Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудын  генетикийн салбаруудад орчин үеийн  монголчуудын генетикийн судалгааг ДНХ-ийн түвшинд хийдэг хэд хэдэн эрдэмтэн судлаачид байгаа. Харин эртний хүний ясны ДНХ-ийн судалгааг л хийгээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж