ТОЙМ: Шинэ үеийн уран гулгагчдыг бэлтгэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Шинэ үеийн уран гулгагчдыг бэлтгэж эхлэв

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


НҮҮДЭГ, НҮД ҮЗҮҮРЛЭГДСЭН 150 САЯЫН ҮНЭТЭЙ ЧУЛУУ

Одоогоос гурван жилийн өмнө тус чулууг хийх компанийг ямар ч тендергүй сонгосон гэх асуудал дэгдэж байв. Тухайн үед дээрх чулуунуудыг хийсэн “Боржин суварга” компанийн захирал Ж.Түвшинжаргал  "Чулуугаа бид Төв аймгийн Эрдэнэ суманд байх Бууралхангай уулаас олборлосон. Байгалийн цэвэр, цагаан шаргал өнгөтэй боржин чулуу. Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид зүгээр сууж байгаад мөнгө авчихаагүй. Ер нь чулууны бизнес их зарлагатай байдаг. Чулуугаа олборлохдоо А зөвшөөрөлтэй компанид бид төлбөр төлнө. Орон нутгийн нэмэлт төлбөр, тээврийн зардал, ашиглаж буй төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд зарлага маш их. Дээр нь бид улсдаа татвар төлнө.

Манай компани нийт 15 ажилчинтай. Сарын цалин 1.000.000-1.600.000 төгрөг. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бага зэргийн ашиг байх ёстой. Энэ бүхнийг тооцоолоод миний хамгийн анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан. Ингээд нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон.  Шоо дөрвөлжин чулууг машин мөргөлөө гэхэд чулуу байрнаасаа амар хөдлөхгүй. Их болж нэг, хоёр өнхрөөд тогтчихно. Харин бөөрөнхий чулуу хол өнхрөх магадлалтай. Өнхөрсөөр байгаад олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдэх эрсдэлтэй. Үүнээс гадна нэг чулуу 365 кг жинтэй" гэсэн тайлбар, ярилцлага news.mn сайтад өгч байсан юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


УРАН ГУЛГАЛТЫН СУРГАЛТЫГ 60 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭВ

"Ингэж хөлөө өргөх үү", "Дахиад нэг гулгая" хэмээн хүүхдүүд багшаа дуудацгаана. Сонгодог хөгжмийн аянд хөлөө алгуурхан өргөж, "Би чадчихлаа " гэж бие биедээ гайхуулна. Ирээдүйн уран гулгагчид хөлдөө өмссөн тэшүүртээ түйртэлгүй сурамгай гэгч нь гулгах нь өхөөрдөм. Тэд мөсөн дээр тойрог зурж, өрөөсөн хөл дээрээ зогсч, хөлөө солбино. "Би найман настай. Мөсөн дээр гулгах гоё байна. Хөлөө өргөөд гулгах нь хэцүү байлаа" хэмээн П.Ананд хүү хэвлүүхэн хариулна. Харин Б.Номин-Эрдэнэ охин 10 настай. Бяцхан охин ролк унасаар байгаад тэшүүрээр гулгаж сурсан гэв. "Би сая нэг л удаа мөсөн дээр унасан. Гэхдээ өвдөөгүй ээ. Өмнө нь багшаар мөсөн дээр гулгахыг заалгаж байгаагүй" гэлээ.

Тэртээ 1962 онд Монголын анхны уран гулгалтын багш Д.Цолмон 7-11 насны 30 гаруй хүүхдэд дугуйтай тэшүүрээр уран гулгалтын сургалтыг зааж байсан түүхтэй.

Тэр цагаас хойш өдгөө 60 жилийн дараа олон улсын стандартын мөсөн талбай дээр Монгол Улсыг төлөөлж буй анхны уран гулгагч Г.Марал-Эрдэнэ "Степпе арена" компанийн урилгаар уран гулгалтын сургалт явуулж буй нь энэ. Тэрбээр Япон улсаас (2022.07.22) эх орондоо хүрэлцэн ирсэн даруйдаа сургалтаа явуулж эхэлжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ЦАР ТАХЛЫН ДАРААГИЙН ДАВАЛГААНД БЭЛДЖЭЭ

Өрхийн эмнэлгүүд Covid-19-ийн давалгаанд хамгийн хүнд ачааллыг авдаг. Учир нь нэгдүгээр шатны эмнэлгийн байгууллагад иргэд хандаж, хүндэрсэн тохиолдолд дараагийн шатлалын тусламжийг авдаг билээ. Тэгвэл цар тахлын ээлжит давлагааны сургаар өрхийн эмнэлгүүд бэлтгэл ажлаа хэдийнэ хангаж эхэлсэн байна. 14:30-16:00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төв харьцангуй ачаалал бага байгаа ч ирэх наймдугаар сараас ихэснэ гэдгийг эмч нар онцлов. Учир нь одоо хичээл, сургууль амарч хүүхдүүд хөдөө явсан байгаа учраас өрх дээр гол төлөв нярай болон бага насны хүүхдүүд их ирж байгаа гэлээ. 4-5 дугаар сарын ачааллаас бага байгаа ч наадмын дараагаас эмнэлгийн байгууллагад хандах хүмүүс ихэсчээ.

Covid-19-ийн хоногт батлагдах тохиолдолд 300 давж, үүний зэрэгцээ бага насныхны дунд менингитийн халдварын шинж тэмдэг их илрэх болжээ. Үүнээс үүдсэн өвчлөл бага насныханд их илэрч байгаа бөгөөд эцэг эхчүүд өрхийн эмнэлгээс л тусламж авч байна гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв 11 мянга гаруй хүнд үйлчилдэг. Үүдээр нь ороход сувилагчийн пост, тарианы өрөө, цаашилбал үзлэгийн өрөө, тусгаарлах хэсэг байна. Тус эмнэлэгт халдвартын улаан бүсийг дахин гаргажээ. Эмч Covid-19-ийн шинжилгээ авч дуусчихаад үзлэгийн хүмүүстээ үзлэг, эмчилгээ хийх зохицуулалттай. Гэхдээ өрхийн эмнэлгээс шинжилгээний оношлуурыг гаргаж өгөхгүй бөгөөд зөвхөн хувь хүн өөрөө авч ирж, оношлуулж болох юм. Халдварын дэгдэлт эрчимжсэн үед ХӨСҮТ улаан бүс гэгддэг ч хамгийн их эрсдэл өрхийн эмнэлэгт үүсдэг гэдгийг эмч, сувилагч нар хэлж байлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЦАЛИНГИЙНХАА ТАЛЫГ БАЙРНЫ ТҮРЭЭСЭНД ӨГЧ БАЙНА

Удахгүй намар болж, хичээл сургууль, хурим найр эхэлнэ. Хөдөө орон нутгаас жил бүр 20 мянган оюутан Улаанбаатарт шинээр ирж суралцдаг. Улирлаа дагаад түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ нь ч өсөх төлөвтэй байна. Залуу хосууд хашаа, байшинд эсвэл хажуу өрөө ч хамаагүй түрээслээд өрх тусгаарлахыг хүсдэг бол их сургуулийн шинэхэн оюутнуудад оюутны байрны хүрэлцээ муугаас түрээсийн байранд орох эсвэл хамаатныдаа толгой хоргодоход хүрдэг. Түрээсийн байрны эрэлт болон үнэ хэр өссөн талаар зарын дагуу ярьж сонирхлоо.

Улаанбаатар хотод  нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 600-700 мянган төгрөг байна.

Амгалан, Жуков, Таван шар, Драгон хавиар хамгийн хямд буюу сарын түрээс нь 380-530 мянган төгрөг гэнэ. Тэгвэл хотын А бүсэд орших томоохон хороололд түрээсийн нэг өрөө 1-1.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ төлбөрөө ихэвчлэн у гурав болон зургаан сараар нь бөөндөн авч, нэмэгдэл нэг сарын төлбөрийг барьцаа болгон нэмж авдаг аж.

2022 оны эхний улирлын байдлаар НДШ төлдөг ажиллагсадын дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хороо тогтоожээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж