Азийн хамгийн баян эмэгтэй гэгдэх Ян Хуйяны хөрөнгө 24 тэрбум ам.доллар байснаас энэ онд 11 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. Шалтгаан нь Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал гэж “Bloomberg” тэрбумтнуудын индексэд тулгуурлан мэдээлэв. Өдгөө 41 настай тэрбээр борлуулалтаараа Хятаддаа тэргүүлдэг үл хөдлөх хөрөнгийн “Country Garden Holdings” компанийг хянадаг. Тус компанийг 1992 онд Гуандун мужийн Фошан хотод эцэг Ян Гуочян үүсгэн байгуулж, охиндоо өвлүүлсэн байна.
"Country Garden Holdings" компанийн хувьцаа энэ жил мэдэгдэхүйц буурсан. Энэ нь орон сууцны үнэ буурч, худалдан авагчдын эрэлт сулран, өр төлбөрийн хямрал үүссэнтэй холбоотой. Гэхдээ өв хөрөнгийнхөө тал хувийг алдсан ч Ян Азийн баян эмэгтэй хэвээр байна. Түүний хувьцаа унаснаар тэрбумтнуудын хоорондох хөрөнгийн зөрүүг багасгаж өгсөн аж.
Хятадын хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн компани “Evergrande” нь олон сар үргэлжилсэн хөрвөх чадварын асуудлаас болж өнгөрсөн арванхоёрдугаар сард ам.долларын бондоо төлөхөө больсон. Түүнээс хойш Кайса, Шимао Групп зэрэг хэд хэдэн томоохон хөгжүүлэгчид зээлдүүлэгчдээс хамгаалалт хүссэн. “Country Garden Holdings” ч мөн хөрвөх чадварын дарамттай тулгараад буй. Тиймээс одоо байгаа 2.83 тэрбум хонгконг долларын хувьцааг өсгөхийн тулд хувьцаагаа 13 хувиар хямдруулна гэж “Bloomberg” мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN