Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр очсон зарим хүнээс Covid-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул нислэгийг хоёр сарын хугацаанд зогсоожээ. Тодруулбал, ирэх сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу аравдугаар сар хүртэлх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.
ХЯТАД 28 САРЫН ДАРАА АГААРЫН ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ БҮРДҮҮЛЭВ
Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрсөн. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар шийдвэр албажиж эхэлсэн бөгөөд МИАТ хувьцаат компанийн тухайд сард зөвхөн нэг удаа Гуанжоу руу нислэг хийх тушаал гарчээ.
Эхний нислэг долдугаар сарын 10-нд 100 хүрэхгүй зорчигч авсан. Тухайн үед 10 хоногийн өмнө захиалга дүүрсэн гэх мэдээллийг өгч байв. Мөн зорчигчдод тавигдах шаардлага нь тухайн улс оронд сурдаг, ажиллаж амьдардаг байх шаардлагатай бөгөөд хүндэтгэх шалтгаангүй хүмүүст тийз олгохгүй байх үүрэг өгсөн байна.
Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу сард нэг удаа ийнхүү нислэгээ эхлүүлэхэд бэлэн болсон ч Хөх хот чиглэлийн нислэг ийнхүү ирэх аравдугаар сар хүртэл дахин зогслоо.