ЭМЯ: 5-11 насны 500 мянган хүүхдийн 25.7 хувийг дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 5-11 насны 500 мянган хүүхдийн 25.7 хувийг дархлаажуулна

ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.07.29/мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр цар тахлын халдварын нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээ орны зохицуулалт, хүүхдийн вакцин, сармагчны цэцэг өвчний эрсдлийн үнэлгээ зэрэг асуудлаар мэдээлэл өгөв. 


ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын халдвар өндөртэй 10 орны нэгдүгээрт Япон улс орж байгаа бол БНСУ удаалж байна. Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар улам нэмэгдэж байна. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна. Улсын хэмжээнд 1810 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд хүн 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой байгаа.

Мөн 5-11 насныхан болон 12-17 насныханд бас дархлаажуулалт хийх сайдын тушаал шийдвэрийг гаргахдаа олон улсад хийж буй вакцинжуулалтын үр дүн, олон улсын судалгаа шинжилгээний үр дүн, Монголын дотоодын судалгааны үр дүн, олон улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөл, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдийн шийдвэр гэх мэт маш олон шат дамжлагыг дамжин баталдаг эрх зүйн акт юм. АНУ 2021 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлж, нийт 8.5 сая хүүхдийг хамруулжээ. Хэсэг газрын болон ерөнхий урвал хүндрэлээ бүртгэсэн. Энэ судалгаанаас харахад насанд хүрэгчдэд хийсэн "Файзер" вакцины хүндрэлээс хүүхдийн вакцины урвал хүндрэл бага байна.

Өмнө нь улайж, хавдах, халуурах шинж тэмдэг ихгүй илэрдэг гэсэн судалгаа гарчээ. Европын холбооны хэд хэдэн улсууд аль хэдийнэ хийж эхэлсэн байна. Манай төв дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, эсрэг биеийн хэмжээ, вирусийн хувилбараас хамаарч вакцины идэвх хэр байгааг судалж байна. Өнгөрсөн хугацаанд 90 гаруй судалгааг хийж, эхний эмхэтгэлээ гаргасан. Одоо хоёр дахь эмхэтгэлээ гаргах гэж байна. Сүрьеэгийн илрүүлэг цар тахлаас өмнө 30 хувьтай байсан бол одоо 20 хувь болж буурсан.

ХҮМҮҮСИЙН 66 ХУВЬД ХАМРААС НУС ГООЖИХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.НАВЧАА:

-Цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч байна. Халуурах, хоолой өвдөх, шинж тэмдэг давамгайлж байна. Энэ удаагийн хувилбарын нууц үе богино учраас халдвар хурдтай тархах байдал ажиглагдаж байна. Нийт хүмүүсийн 66 хувьд хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна. Тиймээс маск зүүж, өөрийгөө тусгаарлан гэрээр эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн хоолой хорсч, өвдөж байгаа бөгөөд гэртээ халуун бүлээн шингэн сайн уух хэрэгтэй. Энэ удаа эрсдэлт бүлгийн хүмүүсийг эмнэлэгт хэвтэн эмчилнэ. Эмнэлэгүүд ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 15:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана.

НЭМҮТ-өөс хийсэн судалгаанаас харвал цар тахлын мэдлэгийн түвшин иргэдийн дунд буурсан байна. Мөн 2020 онд хүн амын 90 гаруй хувь нь айдастай байсан бол одоо 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иргэд амны хаалтаа зүүж дадсан байна. Гар угаах дадал 2020 онд муу байсан бол 2022 онд маш сайн хэвшиж, дадал болсон байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

"II ТУНГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ХИЙХТЭЙ ХОЛБООТОЙ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.БАЙГАЛЬ:

-ХӨСҮТ-ээс салбарын нийт эмч ажилчдаа сургалтад бүрэн хамруулж, наймдугаар сарын 1-нээс хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тухайн насны хүүхдийг вакцинд хамруулснаар эндэгдлээс 90-95 хувь хамгаална гэсэн үр дүн гарсан. Монгол Улсын Хүний эмийн зөвлөл 2022 оны долдугаар сард тухайн вакциныг бүртгэж авсан. Хүүхдийг нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. Хүүхдэд зориулсан найрлага, агууламж бүхий улбар шар өнгөтэй. Эцэг эхчүүдэд таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, сайн дурын үндсэн дээр хийнэ. Хүүхдийн дархлаажуулалтын эхний тунг сум өрхийн эрүүл мэндийн төвд хийх бол хоёр дахь тунг есдүгээр сарын 1-нд хийхтэй холбоотой цэцэрлэг сургууль дээр зохион байгуулна.

Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг дархлаажуулахаар төлөвлөж буй. Одоо цар тахлын халдварын тав дахь давалгаа эхэлж байгаа учраас наймдугаар сард эхний тун, есдүгээр сарын 1-нд хоёр дахь тунгаа хийлгэнэ. Аль ч вакцинжуулалтын дараа тодорхой хэмжээний хариу урвал өгдөг. Тарьсан хэсэгт улайж, хөндүүрлэдэг. Энэ бүх судалгааг олон улсад хийж, гаргасан байгаа.

"САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН МОНГОЛД ТАРХАХ ЭРСДЭЛ “ДУНД” ГАРСАН"

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.СУВДМАА:

-Нутагшмал биш улсад бүртгэгдэж буй сармагчны цэцэг өвчин анх тавдугаар сард бүртгэгдэж байсан бол энэ сарын 25-ны байдлаар дэлхийн зургаан бүсийн 76 оронд 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Камбож улсад долдугаар сарын 23-нд бүртгэгдсэн. Монголд салбар хоорондын долоон байгууллага хамтран гурван удаа эрсдэлийн үнэлгээг хийгээд байна. Эрсдэлийн үнэлгээгээр сармагчны цэцэг өвчин Монголд тархах эрсдэл “дунд” гэж гарсан. Дэлхийн улс орнуудад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг ихэвчлэн анхан шатны эмнэлэгт илрүүлсэн. ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж, эмчилгээний түр зааврыг баталсан. Гаалийн хорио цээрийн байцаагчидтай хамтран иргэдээс асуумж авч байгаа. Эмч мэргэжилтнүүдэд цахимаар сургалт зохион байгуулж, зөвлөмжийг өгч буй.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж