ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотын “Фетисов арена” спорт цогцолборт өчигдөр /2022.07.28/ “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийлээ. Наадамд оролцож буй Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчны жагсаал боллоо.
Наадам спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд 07 сарын 28-нд элсний волейболын төрлөөр хотын төв талбайд эхэлсэн юм. Наадам наймдугаар сарын 8-нд өндөрлөнө.
Наадмын нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг Ерөнхийлөгчийн туслах, БТС-ын холбооны зөвлөлийн нарийн бичгийн дарга И. Левитин уншин, Спортын сайд, ЗБХ-ны дарга О.В.Матыцин, Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмын хорооны дарга В.В.Максимов, Оросын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч С.Поздняков, Приморскийн хязгаарын амбан захирагч О.Кожемяко нар үг хэллээ. Урлаг, соёл, циркийн олон арван сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг Приморскын хязгаарын болон Саха Якутын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, төлөөллүүд үзүүллээ. Нээлтийн ажиллагааг Оросын МАТЧ ТВ телевиз шууд дамжуулан үзүүлсэн аж.
Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпийн тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан гэнэ.
Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, "УТЦ Олимпиеца" нэртэй олимпийн стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдана.
Холбоотой мэдээ