Энэтхэгийн Ченнай хотноо болох дэлхийн шатрын 44 дугаар олимпиадад өрсөлдөх Монголын эмэгтэй шигшээ багийн товч танилцуулгыг хүргэж байна. Монголын шатрын эмэгтэй шигшээ баг 1963 оноос хойш 19 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцох гэж буйг Монголын шатрын холбооноос мэдээлэв.
Энэ жилийн эмэгтэй шигшээ багийн тамирчдын дундаж нас 21.4 байгаа нь маш залуу баг байгааг илтгэсэн үзүүлэлт юм.
ЦЭРЭНДОРЖИЙН БАТСАЙХАН – Багийн ахлагч, дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цолтой. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайханы хувьд тав дахь удаагийн олимпиаддаа дасгалжуулагчийн хувиар оролцож байгаа бөгөөд түүнд туршлага бий.
АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ – Эмэгтэйчүүдийн их мастер цолтой. Тэрбээр 1994 оны есдүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай. Энэ удаагийн эмэгтэй шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч.
А.Энхтуул их мастерын хувьд дөрөв дэхь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. 2022 оны улсын аварга тэрбээр анх удаагаа Монгол улсын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж багийн лидерийн үүргийг гүйцэтгэнэ.
БАЯРЖАРГАЛЫН БАЯРМАА – Эмэгтэйчүүдийн олон улсын мастер. Тэрбээр 1995 оны долдугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай. Олон улсын мастер Б.Баярмаагийн хувьд 2 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Монгол улсын 21 дэхь аварга, олон улсын мастер Б.Баярмаа Монголын шигшээ багийн хоёрдугаар ширээнд сууж өрсөлдөнө. Нягт нямбай тоглолт, байрлалын ур ухаан, нарийн стратегиэрээ ялгардаг түүний эсрэг тоглох нь ямар ч өрсөлдөгчид хэцүү байх нь ойлгомжтой.
ТӨРМӨНХИЙН МӨНХЗУЛ – Эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолтой. Тэрбээр 2000 оны тавдугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай. Олон улсын мастер Т.Мөнхзул хоёр дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна.
Т.Мөнхзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний цорын ганц хүрэл медалийг 2019 онд эх орондоо авчирч байсан түүхтэй.
Т.Мөнхзул Монгол улсын шигшээ багийн гуравдугаар ширээнд сууж өрсөлдөх ба ур чадвараараа хэнээс ч дутахгүй түүний хувьд ямар ч амжилт гаргах боломжтой.
БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ – Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Тэрбээр 2005 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 17 настай. Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулын хувьд анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Түүний хувьд туршлага хуримтлуулсан, түвшин ахисан, сенсааци тарьсан сайхан олимпиад болох болов уу.
Б.Мөнгөнзул Монгол улсын шигшээ багийн дөрөвдүгээр ширээнд сууж тоглоно.
ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ – Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Тэрбээр 2006 оны гуравдугаар сарын 21-ний өдөр төрсөн, 16 настай. Энэ удаагийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч. Өсвөрийн ангиллын дэлхийн хэмжээний үзүүлж болох бүх л амжилтыг үзүүлж, авч болох бүх л шагналыг хамсан Д.Мөнхзул мастер дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцож байна.
Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул Монголын шигшээ багийн нөөц тоглогчоор энэ удаагийн олимпиадад оролцох бөгөөд хэрэгтэй үед багийг сэргээсэн чухал оноонуудыг авна гэж харж байна.