Сурвалжлага: Цалингийнхаа талыг байрны түрээсэнд өгч байна

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цалингийнхаа талыг байрны түрээсэнд өгч байна

Сурвалжлага: Цалингийнхаа талыг байрны түрээсэнд өгч байна

“Авч байгаа цалингаа бараг тэр чигт нь байрны түрээсэнд өгч байна” гэж их сургуулиа төгсөөд төрийн албанд ажилд ороод удаагүй байгаа залуу ярьж байна. Түүний хувьд хотод оюутан болж орж ирснээсээ хойш байр түрээсэлж байгаа амьдарч иржээ. Анх 2017 онд 450 мянган төгрөгөөр “Дөлгөөннуур”-т нэг өрөө байр түрээсэлж байсан бол өдгөө сарын түрээс нь 700 мянга болжээ. Шалтгаан нь тун энгийн. Түрээслүүлэгч талаас нь “Бусад түрээсийн байрны үнэ, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, бензиний үнэ нэмэгдээд байна шүү дээ” гэх бэлэн тайлбар хэлдэг аж.

Түүнтэй ижил асуудал, зовлонтой  яваагаа Сараа ч хэллээ. Тэрбээр оюутан агаад өнгөрсөн жил айлын хажуу өрөө хотын төвд 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан бол саяхнаас III хорооллын эцэст хажуу өрөө 300 мянгаар түрээсэлдэг болжээ. Түрээсийн үнэ жилээс жилд өсч байгаа талаар ярихдаа “Оюутны байрны хүрэлцээ муу, орчин тааруу учраас гуравдугаар дамжаанд ордог жилдээ айлын хажуу өрөө Сансарт түрээсэлж байсан. Сар сардаа 250 мянган төгрөг өгөхөөр тохирсон ч гэрээ шинэчлэх үеэр үнээ нэмж 380 мянган болгож байгаа гэсэн. Над шиг цагийн ажил хийдэг оюутанд 10 мянган төгрөг ч үнэтэй шүү дээ. Тиймээс хайж хайж, 300 мянгаар түрээслэх газар олсон. Гэхдээ одоо төлбөрөө бөөнд нь авна гэдэг хүмүүс их болсон байна билээ” гэв.

Удахгүй намар болж, хичээл сургууль, хурим найр эхэлнэ. Хөдөө орон нутгаас жил бүр 20 мянган оюутан Улаанбаатарт шинээр ирж суралцдаг. Улирлаа дагаад түрээсийн орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ нь ч өсөх төлөвтэй байна. Залуу хосууд хашаа, байшинд эсвэл хажуу өрөө ч хамаагүй түрээслээд өрх тусгаарлахыг хүсдэг бол их сургуулийн шинэхэн оюутнуудад оюутны байрны хүрэлцээ муугаас түрээсийн байранд орох эсвэл хамаатныдаа толгой хоргодоход хүрдэг. Түрээсийн байрны эрэлт болон үнэ хэр өссөн талаар зарын дагуу ярьж сонирхлоо.

Улаанбаатар хотод  нэг өрөө байрны түрээсийн дундаж үнэ 600-700 мянган төгрөг байна.

Амгалан, Жуков, Таван шар, Драгон хавиар хамгийн хямд буюу сарын түрээс нь 380-530 мянган төгрөг гэнэ. Тэгвэл хотын А бүсэд орших томоохон хороололд түрээсийн нэг өрөө 1-1.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ төлбөрөө ихэвчлэн у гурав болон зургаан сараар нь бөөндөн авч, нэмэгдэл нэг сарын төлбөрийг барьцаа болгон нэмж авдаг аж.

2022 оны эхний улирлын байдлаар НДШ төлдөг ажиллагсадын дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хороо тогтоожээ.

Зарын дагуу “21-р хороолол”-д нэг өрөө байр түрээслэнэ гэх хүнтэй холбогдов. Түрээслүүлэгч “Өвөлдөө дулаахан нэг өрөө байр түрээслэнэ. Сарын төлбөр 600 мянган төгрөг. Төлбөрөө гурван сараар нь, барьцаа 400 мянган төгрөгтэй авна. 10 сарын хугацаанд түрээслэнэ” гэв.  Тэгвэл Жуковд байх нэг өрөө орон сууцны үнэ сарын төлбөр нь 700 мянга гэхдээ төлбөрөө бүтэн жилээр нь, нэмээд нэг сарын төлбөрийг барьцаа болгон авах аж. Өөрөөр хэлбэл, жилийн төлбөр нь барьцаатайгаа нийлээд 9.1 сая төгрөг болж байна. Барьцаа төлбөрийн талаар лавлан асуухад “Зарим түрээслэгч хүмүүс СӨХ, цахилгаан, усны мөнгө өгөхгүй байдаг явчихдаг. Мөн хугацаагаа хэтрүүлээд мөнгөө өгөхгүй алга болчихдог. Тавилгатай түрээслэхээр эвдэлчихсэн байдаг учир энэ бүгдээс сэргийлж, барьцаагаа 700 мянга болгосон.  Гэрээ дуусаад гарахад чинь хохирол, өр төлбөрийг нь тооцоод эргүүлээд өгнө” гэв.

Хоёр өрөө байрны сарын түрээс доод тал нь 800 мянган төгрөг байх бол дундаж үнэ нь 1-1.3 сая төгрөг аж. Мөн л төлбөрөө улирлаар нь, хагас жилээр нь, жилээр нь бөөнд авах нөхцөлтэй. Харин гурван өрөө байрны сарын түрээсийн доод үнэ 1.2 сая төгрөг, дундаж үнэ 1.5-2 сая төгрөг байна.

Айлын хажуу өрөөний сарын түрээс 200 мянган төгрөгөөс эхэлж байна. Дундаж үнэ 300-400 мянган төгрөг. Түрээсийн байрны үнийг судлахаар зар сонирхох явцад ажиглагдсан зүйл бол ганц бие эмэгтэй хүнд түрээслүүлнэ гэх зар цөөнгүй тавьсан байлаа.  Ихэнх зарын тавигдах шаардлагад “Ганц бие тохитой, томоотой эмэгтэйд түрээслнэ” гэж  товч бөгөөд тодорхой бичсэн байв. Эрэгтэй хүнд орон байраа түрээслэвэл архидан согтуурч, гэр оронд нь олон хүн цуглуулж, амгалан тайван байдал алдагдуулах вий гэж болгоомжилсон юм уу эсвэл өөр асуудал сонирхол байна уу, ямар ч байсан л түрээслүүлэгчийн зүгээс эмэгтэй хүнд орон байраа түрээслэх дуртай байдаг аж. Хажуу өрөөгөө түрээслэхийн бас нэгэн давуу тал нь ихэнхи түрээслэгч төлбөрөө сар сардаа авах нөхцөлтэй гэнэ.

Орон сууц түрээслэх боломжгүй хүмүүс нийтийн байр, хашаа, гэр түрээслэн амьдардаг. Нийтийн байрны тухайд байршил, үнэ, амьдрах орчны нөхцөл байдал, өрөөний хэмжээнээс шалтгаалан дунджаар 100-300 мянган төгрөг байна.  Зурагт, Дэнжийн мянга, нэгдүгээр хороолол, хорооллын эцэс, Чингэлтэй, Цамбагарав, Гандан, Хайлааст, Сансрын клонк зэрэг байршлуудад нийтийн байрны сарын түрээс 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин хотын төвтэй ойрхон буюу Нарантуул зах, 32-ын тойрог, 16-р хороолол, Офицеруудын ордон, КТМС гэх мэт байршилд өрөө томтой, интернеттэй нийтийн байрны ус, цахилгаан багтсан үнэ 200 мянгаас эхэлж байна.

Ийнхүү найр наадам, аялал, амралт гээд долдугаар сард Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн багасдаг. Наймдугаар сараас нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, тэр хэрээр түрээсийн байрны эрэлт хэрэгцээ нэмэгддэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж