Түүхэн дурсгалт барилгыг сэргээх нэрээр "халтуурдав" уу?!

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Түүхэн дурсгалт барилгыг сэргээх нэрээр "халтуурдав" уу?!

Түүхэн дурсгалт барилгыг сэргээх нэрээр "халтуурдав" уу?!

Монголд газар хөдлөлтийн аяыг даахгүй, хэзээ мөдгүй нурж унах дөхсөн олон барилга бий. Тэр дунд түүхэн барилгууд ч цөөнгүй. Тиймээс түүхэн барилгуудаа нурааж шинээр барих, сэргээн засварлах ажил ид өрнөж байна.  Жишээлбэл, 2019 онд Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, оронд нь шинэ барилга барьсан. Өдгөө ч бүрэн ашиглалтад ороогүй, нээлтээ хийгээгүй байгаа юм.  Тэрчлэн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих эсэх асуудал хөндөгдсөн. Тухай үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг “Драм, дуурийн театр, Төв номын сангийн барилгыг буулгахгүй, засварлана” гээ түүхэн барилгаа нураахыг эсэргүүцсэн шүүмжлэлд тайлбар хэлж байсан юм.

Үүний дагуу түүхэн барилгуудын засварын ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.  Гэвч мэргэжилтэн, судлаачдын зүгээс соёлын өвийг засварлах биш "халтуурдаж"  байгааг шүүмжилж сууна.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Дуурийн театрын барилгыг “их засварлах” биш, “сэргээн засварлах” шаардлагатай. Яагаад гэвэл, 2015 онд соёлын өвд бүртгэж, 2021 онд дүүргийн хамгаалалтын зэрэглэлд авсан уг архитектурын дурсгалт барилгыг “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн дагуу сэргээн засварлана. Их засвар, сэргээн засварлалт хоёр өөр ойлголт гэдгийг хэлье. Соёлын өвд бүртгэн авсан өвийг их засварлах биш, сэргээн засварладаг.
Соёлын өвд нэгэнт бүртгэн авсан учраас гадна багана, ханыг будах, гэмтсэн чимэглэлийг нөхөн сэргээх ажлыг соёлын өвийг сэргээн засварлах эрхтэй мэргэжлийн байгууллага зургийг хийж, бас мэргэжлийн байгууллага сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ.
Одоогийн их засвар гэж нэрлээд буй ажлын зургийг хийсэн, гүйцэтгэж буй компаниуд бүгд мэргэжлийн биш байгууллагууд тул хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Хуулиа дагая, мэргэжлийн байцгаая. Соёлын өвөө ингэж халтуурдаж сэргээхээ больцгооё" гэсэн юм.
Энэ оны улсын төсөвт түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 70 сая, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгасан.

Түүхэн дурсгалт барилгыг өнөө цагт хадгалж, хамгаалж авч үлдэх цор ганц арга нь сэргээн засварлалт. Ер нь сэргээн засварлалтын гурван зарчим бий. Үүнд хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг сайжруулах, хэсэгчилсэн сэргээн засварлах, бүтэн сэргээн засварлах ёстой юм байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин "Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байгаа. Музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм.
Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрдсэн юм. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж байна.
Өнгөрсөн 2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн. Дээрх судалгаа ажлыг үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ы Элчин сайд нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулан ажиллаж байна" гэжээ.

Түүхэн барилгуудад сэргээн засварлалт хэрэгтэй их засвар биш гэх эрдэмтэд, судлаачид, салбарынхны байр суурийг харахад шинэчлэх нэрээр төсвийн мөнгийг "угаав" уу гэх хардлага ч байна. Ямар ч байсан түүхэн барилгуудаа тордож, соёлын өвөө хамгаалах цаг болсон. Гэхдээ "нүглийн нүдийг гурилаар хуурах" маягаар биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж