Орос улс Украин руу түрэмгийлсэн нь Тайвань Хятадтай дайтах эрсдэлтэй юу гэсэн асуултыг үүсгэсэн. Зарим ажиглагчийн хувьд Тайвань шиг жижиг газар руу их гүрэн түрэмгийлэх магадлал өндөр байна. Харин зарим ажиглагчийн хувьд Орос одоог хүртэл Украиныг бүрэн ялж чадаагүй байгаа нь Хятад Тайвань руу дайрахгүй байх шалтгааныг өгч байна гэх өөр, өөрийн тайлбарыг хийж буй:
Хятадууд тун удахгүй Тайваньд халдан довтлох нь ойлгомжтой гэж сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Майк Милли үзэж байна. АНУ-ын нэрээ нууцалсан бусад албаны хүмүүс Бээжин нэг жил хагасын дотор Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж мэдэгджээ. Эзлэн түрэмгийлэх тухай асуулт руу орохын өмнө эхлээд Тайвань Хятадын хувьд яагаад ийм чухал болохыг авч үзье.
ХЯТАД ЯАГААД ТАЙВАНИЙГ ХҮСЧ БАЙНА ВЭ?
Хятадын Тайванийг удирдаж эхэлсэн нь 1949 онд буюу Хятадын коммунист нам нь Гоминданы тэргүүлсэн Бүгд Найрамдах засгийн газрыг ялж, иргэний дайн дууссан үеээс юм. Коммунист намынхан эх газрын Хятадад БНХАУ-г байгуулжээ. Харин Гоминдан нь эх газрын Хятадаас наян бээрийн зайд орших Тайвань руу дүрвэсэн.
Тэд аль аль нь Хятад гэх олон улсын статусаар нэрлэгдэх болсон. Хятадын Коммунист намын "Нэг Хятад бодлого" эрчимтэй хөгжсөнөөр 1990 оноос хойш Гоминданы хүч чадал суларсан байна.
Гоминданы засгийн газрыг хэдэн арван жилийн турш НҮБ тэргүүтэй олон улсын форум, түүнчлэн АНУ зэрэг томоохон гүрэн Хятад гэж хүлээн зөвшөөрч байсан. БНХАУ 1971 онд НҮБ-д өөрийн суудлаа хүлээн авснаар дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ хүлээн зөвшөөрөх замыг нээсэн юм. Вашингтон “Нэг Хятад бодлого”-ын хүрээнд Тайваний хоолойн хоёр эрэгт нэг Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ бодлого нь АНУ-д Тайваньтай албан бус харилцаатай байж, зэвсэг, "F-16" онгоц, пуужингийн довтолгооноос хамгаалах систем зэргийг зарах боломжийг олгодог аж.
Бээжин Тайванийг Хятадын муж гэж зарладаг. Хятадын албаны хүмүүс Тайваньтай энх тайвнаар дахин нэгдэх тухай ярьж байна. Гэвч Ши Жиньпин дарга Тайваньд шаардлагатай бүх арга хэмжээг авах хувилбарыг хэвээр үлдээнэ гэж мэдэгдээд, хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй юм.
Ши Жиньпин Хятад улс 2049 он гэхэд үндэсний залуужуулалтыг бүрэн гүйцэд хийнэ гэж амласан бөгөөд үүнийг зарим хүмүүс Тайваньтай дахин нэгдэх эцсийн хугацаа гэж үзэж байна.
ТАЙВАНЬ ХЯТАДЫГ ХЭРХЭН ҮЗДЭГ ВЭ?
Тайванийн ард иргэдийн хувьд тусгаар тогтнол, Хятадтай дахин нэгдэх асуудалд таатай бус хандаж байна. Тайвань иргэдийн 70 гаруй хувь нь одоогийн статус-квог үргэлжлүүлэхийг дэмжиж буй бол ердөө 10 орчим хувь нь тусгаар тогтнол, нэгдлийн төлөө нэн даруй алхам хийхийг дэмжиж байна гэж Ченчигийн Үндэсний их сургуулийн Сонгуулийг судлах төвөөс явуулсан судалгаанд дурджээ.
Хятадтай нэгдэхийг 1990 оноос хойш дэмжих нь нэлээн багассан. Анх 1995 онд 21 хувьтай байсан бол өнөөдөр Тайванийн ердөө зургаа орчим хувь нь Хятадтай нэгдэхийг дэмжиж байна. Тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа эрс нэмэгдсэн ч Тайваний статусыг гэнэт өөрчлөх хэцүү юм.
ХҮН АМ ЗҮЙ БА ЦЭРГИЙН ХҮЧ
Тэгвэл Хятад, Тайвань хоёр үндэстний хүч чадлын хувьд ямар ялгаатай вэ?
ХҮН АМ ЗҮЙ
Хятад улс хүн ам зүйн хувьд илт давуу талтай. Тус улс 1.45 тэрбум хүн амтай ба энэ нь Тайванийн хүн амаас 60 дахин их гэсэн үг. Тайваний хүн ам Хятадын хамгийн том хот болох Шанхай хотын хүн амтай бараг ижил байна.
ЭДИЙН ЗАСАГ
Тайванийн нэг хүнд ногдох ДНБ нь 33.775 ам.долларт хүрсэн, чинээлэг, өндөр орлоготой газар юм. ДНБ нь нэг хүнд ногдох тоогоор Тайвань Хятадаас гурав дахин баян. Гэвч Хятадын 14 их наяд ам.долларын эдийн засаг Тайванийнхаас 20 дахин илүү. Тэд эдийн засгийн хувьд ч харилцан хамааралтай. Хятад улс Тайванийн худалдааны хамгийн том түнш бөгөөд нийт худалдааны дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг. Хятадтай дайн хийх нь Тайванийг эдийн засгийн хувьд сүйрүүлэх болно.
ЦЭРГИЙН ХҮЧ
Одоогийн байдлаар Хятад улс Тайваньтай харьцуулахад арав дахин их цэргийн албан хаагчтай. Тайвань цэргийн нөөц ихтэй ч эдгээр хүчний байлдааны бэлэн байдал эргэлзээтэй байна. Хятад улс Тайванийг бодвол 900 гаруй сөнөөгч онгоц, 700 орчим тэнгисийн цэргийн хөлөг онгоцтой тул илүү давуу талтай.
ХЯТАД ТАЙВАНЬ РУУ ДАЙРВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Хятад улс Тайванийг бодвол цэргийн хүчээр асар их давуу талтай. Гэвч Украинд үргэлжилж буй Оросын дайны сургамж нь жижиг улс орнуудад цохилт өгөхөд асуудал дагуулах боломжтой гэж харуулж байна.
ОХУ-ын ойрын түнш Хятад улс дайныг анхааралтай ажиглаж байна. Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс “Оросын туршлагаас харахад Бээжин хүчээ нөөн, мэдээллийн орон зайг хянаж, олон улсын хориг арга хэмжээнээс өөрийгөө тусгаарлах ёстой” гэв.
Хятад улс эцсийн дүндээ Тайванийг бүрэн довтлохоос зайлсхийж магадгүй. Учир нь маш их зардал гарах болно. Батлан хамгаалахын стратегич Харлан Уллман "Хятад улс Тайванийг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд жижиг арлуудыг нь бүслэх, хураах зэрэг арай зарлага багатай хувилбаруудаас сонгох боломжтой" гэж үзэж байна. Тайваньд тулгарч буй сорилт нь тусгаар тогтнолоо зарлах гэх мэт Бээжингийн хатуу хариу арга хэмжээ авахаас зайлсхийх, үүний оронд Хятадын түрэмгийллийг зогсооход анхаарлаа хандуулах явдал юм.
Тайванийн хувьд хамгаалалтын техник хангамжаас илүү чухал зүйл бол хурдан довтлох завь, мина, хүн зөөвөрлөх нисдэг тэрэг, ухаалаг, нууцлаг, хөдөлгөөнт зэвсгийн систем зэргийг олноор цуглуулах явдал юм. Тайванийн Батлан хамгаалах яамны Хятадыг няцаах стратеги нь эсрэг эрэгт байгаа дайсныг эсэргүүцэж, далайд дайрч, эрэг орчмын дайсныг устгах гэв.
Эх сурвалж: GLOBALY NEWS
Холбоотой мэдээ