Ирэх сард ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Ирэх сард ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Ирэх сард ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх наймдугаар сарын урьдчилсан мэдээллийг гаргажээ. Ирэх сард ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар тодруулан хүргэж байна.


–Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур их орж, голууд үерлэлээ. Ирэх сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?

-Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8-12 градус, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-24 градус, бусад нутгаар 12-20 градус дулаан байна. Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй гарсан.

Гэхдээ Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр.

Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Тэгвэл хур тунадас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгаа мэдээг хэрхэн боловсруулдаг вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30–70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.

Энэ сард хур тунадас нэлээдгүй орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэж иргэд амь насаа алдсан харамсалтай ослууд бүртгэгдсэн.

Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  хэрэгтэй.

-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний бороо орох магадлалтай вэ?

-Ирэх сарын нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр баруун бүсийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэхээр төлөвтэй байна. Харин төвийн аймгуудын нутаг Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Мөн наймдугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно.

Зүүн аймгуудын тухайд Дорнод, Сүхбаатарын нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нутгаар ахиу, бусад нутгаар дундаж байна.

Говийн аймгуудын нутгаар Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байхаар ажиглагджээ.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид иргэдэд юуг анхааруулах вэ?

-Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас их орохоор төлөв ажиглагдсан. Тиймээс монгол орны  гол мөрний усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их байх ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч голын ай саваар зорчих болон байрлах айлууд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж