Саудын Араб 170 гаруй км урттай “The Line” нэртэй, нэг барилгатай шинэ хотын төслийг танилцууллаа. Неом төслийн нэг хэсэг болох энэхүү футурист хот нь Саудын Арабын баруун хойд хэсэгт Улаан тэнгисийн ойролцоо байрлах аж.
Уг хот нь далайн түвшнээс дээш 500 метрийн өндөрт байрлах бөгөөд 200 метр өргөн. 34 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах эл хот бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Авто зам байхгүй учир машин байхгүй, утаа ялгарахгүй. Өндөр хурдны төмөр зам хотын хэсгүүдийг холбоно.
2030 он гэхэд тус хотыг жил бүр 100 сая жуулчин үзнэ гэж тооцоолжээ. Энэ нь улс орны эдийн засгийг тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Неом төслийг Саудын Арабын засгийн газар, Нийтийн хөрөнгө оруулалтын сан, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид 500 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжсэн. Анх 2025 онд дуусгахаар төлөвлөсөн байсан ч таван жилээр хойшилжээ.
Неом төсөлтэй ижил төстэй, амжилтгүй болсон бүтээн байгуулалтууд нэг бус бий. Тухайлбал, хөрш Дубайд 38 тэрбум ам.долларын өртөгтэй “Nakheel Harbor and Tower”-ийн бүтээн байгуулалтын ажлыг 2009 онд эхлүүлсэн. Гэвч дэлхийн эдийн засгийн уналтаас хойш зургаан жилийн дараа уг ажлыг цуцалжээ. Түүнчлэн Хятадын засгийн газар Өвөрмонголын Кангбаши хотын барилгын ажилд нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт хийсэн. Тус хотод нэг сая гаруй оршин суугчид амьдарна гэж найдаж байсан ч 2016 он гэхэд энэ хотод анх төлөвлөсөн хүн амын ердөө 10% нь л амьдарч байна. Хойд Солонгос 1989 онд нийслэл Пёньянд 330 метр “Ryugyong” зочид буудлыг нээхээр төлөвлөж байсан. Үүнийгээ дэлхийн хамгийн өндөр зочид буудал болгохыг хүссэн боловч 2019 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр эзэнгүй барилга болжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ