Бороо орсоор л. Намрын хүйтэн бороо өдөржин шиврэхэд үнэхээр л болиосой доо гэмээр болдогсон. Бүүдгэр саарал тэнгэрийн дор Улаанбаатар уйтай харагдана. Ийм л бороотой өдрөөр ихэнх хүмүүс “эмордог”. Зарим шүхрээ бариад ганцаараа алхахыг, зарим нь шүлэг бичихийг, зарим хэн нэгний бичсэн шүлгийг уншихыг, зарим нь нам гүмхэн унтахыг, зарим нь цонх даган урсах борооны дуслыг харахыг хүсдэг. “Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг…/ гэж зохиолч Г.Аюурзана бичжээ. Тийм ч биз, үгүй ч биз. Гэвч хүмүүс бороонд дуртай. “Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ” гэж голыг нь олоод А.Эрдэнэ-Очир агсан шүлэглэжээ.
Ингээд бороотой өдрийн бороотой шүлгүүдийг түүвэрлэн хүргэе.
ТАВДУГААР САРЫН БОРОО
Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир
ХАМАГ ЮМ, САЙН САЙХНААС ЭХЭЛНЭ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ
Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ
Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.
Яруу найрагч Д.Нямсүрэн
ӨДӨР ШӨНИЙН ТУРШИД БОРОО
Өдөр, шөнийн туршид бороо шивэрлээ
Өмссөн хувцас, өр зүрх минь шал нойтон
Өрөөлийн өвөрт гээсэн аз жаргал минь
Өнөө хаана төөрснийг
Хэн мэднэ, мэдээд ч яах юм.
Яруу найрагч Р.Эмүжин
БОРООТОЙ ӨГЛӨӨ
/бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг…/
Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.
Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.
Босьё доо…
Хөнжилдөө гал ноцтол
Бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.
Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ
Намрын бороо цаанаа л нэг уйтай.
Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ
Намсан намссаар дасал болчих нь гунигтай.
Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч
Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.
Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун
Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.
Босьё доо…
Яруу найрагч Г.Аюурзана
БОРОО Л ОРООСОЙ
Бороо л ороосой
Ижийн минь тэрлэгний өнгө шиг
Нэг л дулаахан бороо л ороосой
Бороо л ороосой
Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг
Нэг л сайхан бороо л ороосой
Бороо л ороосой
Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг
Солонгоор инээсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа
Тайлах шиг
Тийм л тув, тунгалаг бороо л ороосой
Бороо л ороосой
Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг
Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой
Бороо л ороосой
Нойтон болжмор тооноор орж ирээд,
Миний орны хөлд суух шиг
Аяс намуухан бороо л ороосой
Бороо л ороосой
Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар
Бурханы нулимс шиг бороо л ороосой
Бороо л ороосой
Яруу найрагч Г.Баяр
АНИРГҮЙН ЭГШИГ
Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Яруу найрагч Ц.Бавуудорж
БИ ЧАМАЙГ ЯГ
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог
Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин…
Би чамайг яг
Анхны цас орж, аяархан будрахуйд л
Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг
Тэгээд тэвэр дүүрэн цас
Тэнгэрээс үйрэн бутармагц л харин…
Би чамайг яг
Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л
Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг
Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин…
Би чамайг яг
Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд
Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг
Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд
Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй…
Тэгээд
Би чамайг яг
Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…
Яруу найрагч Э.Бүжинлхам
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭМБИЛГҮҮН
Холбоотой мэдээ