ОУВС-аас “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцууллаа. “Бүрхэг, тодорхой бус төлөв байдлаас үүдэж дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байна” хэмээх гарчигтай уг тайланд улс орнуудын ДНБ өмнөх төсөөллөөс буурч, инфляцын өсөлтийн төлөв нэмэгдсэнийг онцлон дурджээ.
Тухайлбал дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс 0.4 нэгж хувиар бууруулж 3.2 хувь, ирэх оныхыг 0.7 нэгж хувиар бууруулж 2.9 хувь хүргэсэн байна. Ийнхүү бууруулахад дэлхийн томоохон эдийн засгуудын удаашрал нөлөөлжээ. Тухайлбал АНУ-д өрхийн худалдан авалт буурсан, мөнгөний бодлого чангарсан, БНХАУ-д хөл хорио тогтоож, үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал гүнзгийрч байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх аж. Мөн Евро бүсэд мөнгөний бодлого чангарч, Украины дайн дэгдсэн нь өсөлтийг бууруулах нөлөөтэй гэжээ.
Өсөлт буурч буйтай зэрэгцээд олон улсад хүнс, түлш шатахууны үнийн нөлөөгөөр инфляц нэмэгдэж байна. Хөгжсөн орнуудад энэ онд инфляц 6.6 хувь, хөгжиж буй орнуудад 9.5 хувь байна гэж ОУВС үзэж байна. Энэ нь өмнөх төсөөллөөс 0.8-0.9 нэгж хувиар нэмэгдэж, өндөр инфляц илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй.
Инфляц эрчимжиж байгаатай зэрэгцэн улс орнууд мөнгөний бодлогоо идэвхтэй чангаруулж байгааг доорх графикт харуулжээ.
Эх сурвалж: ОУВС
Холбоотой мэдээ