Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо гаргасан.
Тиймээс салбарынхан энэ жил аялал жуулчлал багахан ч гэсэн сэргэх байх гэсэн итгэл найдвар тээж буй. Тиймээс ч энэ жилийн хувьд Монгол Улс 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн.
Салбар яамнаас энэ оны долдугаар сарын 18-ны байдлаар Монголд 96 мянган жуулчин ирж аялал жуулчлалын салбарт 288 тэрбумын орлого төвлөрүүлсэн гэж мэдээлсэн.
Мөн гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр салбар шууд сэргэх, эдийн засагт нөлөөлөх боломжгүйг салбарынхан онцолж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байсан учраас энэ жилээс аяллын төлбөр 20-30 хувиар нэмэгдсэнийг онцолж байв.
Өнгөрсөн 2019 онд хамгийн их буюу Монголд 577 жуулчин хүлээж авч 2,4 их наяд төгрөгийн ашиг олсон бол 2021 онд 38 мянган жуулчин ирж, 24,2 сая төгрөгийн ашиг олсон байна.
Хил хамгаалах ерөнхий газрын тоон мэдээллээр зургадугаар сарын байдлаар 78 мянган жуулчин хүлээн авчээ. Статистик үзүүлэлтээс харвал Оросоос хамгийн их буюу 36 мянга, БНСУ-аас найм, Казахстан долоо, Хятад гурав, АНУ-аас хоёр мянган жуулчин ирсэн байна.
Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.
Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
- 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
- Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
- Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.
Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч С.Амгаланбат өмнө нь ярихдаа "Засгийн газраас дэмжин, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар 10 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр шийдэгдээгүй байна. Засгийн газраас Сангийн яаманд чиглэл өгсөн. Мэдээж, энэ зээл аялал жуулчлалын салбарт тус дэм болно. Учир нь, өнгөрсөн хоёр, гурван жил тэг зогссон салбарынхан одоо үйл ажиллагаагаа эхлүүлэх гэхээр эргэлтийн хөрөнгө байхгүй, тиймээс уг зээл ажилчдын цалин хөлс, засвар үйлчилгээнд нэмэр болно гэж найдаж байна. Энэ мөнгөн дүн хангалттай биш ч “Чамлахаар чанга атга” гэгчээр шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосноор улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлнэ" гэж байв. Гэсэн ч өдийг болтол 10 тэрбумын төгрөгийн дэмжлэг ажил болж хэрэгжсэнгүй.
Холбоотой мэдээ