Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.27) Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгсөн аж.
Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрөгч зургадугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж Монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв. Ирэх наймдугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн тэрбээр, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулсныг дурдаад 2023 оны эхний хагаст зорилтод түвшинд хүрнэ төсөөлөлтэй байна гэв. Арилжааны банкуудын хувьд зээлийн цэвэр дүн өссөн хэдий ч хурд нь саарсныг тодотгоод 2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол өнөөдөр 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой. Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.
Холбоотой мэдээ