АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын танхимд болсон халдлагыг телевизээр шууд дамжуулан үзэж, ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж буруутгагдаад буй. Хүүхдүүд болон бусад ойр дотны зөвлөх нь түүнд хүчирхийллийг зогсоохыг уриалсан боловч тэр үл тоомсорлон олон цагаар суусан гэж гэрчүүд өнгөрсөн долоо хоногт Конгрессын сонсгол дээр мэдэгджээ. Тодруулбал, Трамп ямар нэгэн үйлдэл хийхээс татгалзаж 187 минут суусан байна.
Цагаан ордны зөвлөх асан Пэт Циполоне мэдүүлэг өгөхдөө, Трампыг Батлан хамгаалахын сайд, Ерөнхий прокурор, Дотоодыг хамгаалах газар гээд хаашаа ч залгаагүй гэв. Гэтэл тухайн үймээний үеэр хэд хэдэн хүн амиа алдаж, 140 гаруй цагдаа гэмтсэн.
Дональд Трамп Бүгд найрамдах намаас сонгогчдын дунд нэр хүндтэй хэвээр бөгөөд 2024 оны сонгуульд дахин дэвшиж магадгүй байсан юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагаас явуулсан судалгааны дүнгээр түүний байр суурь бага зэрэг суларсан болохыг тогтоожээ. Бүгд найрамдахчуудын 40 орчим хувь нь түүнийг үймээнд буруутай гэж үзсэн.
Капитолын үймээний үеэр Трампын дэргэд байсан гэрчүүд болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Мэттью Поттингер, Хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сара Мэттьюс нар үймээний дараа хэдхэн цагийн дотор огцорсон. “Хэрвээ ерөнхийлөгч ард түмэнд хандан үг хэлэхийг хүссэн бол тэр даруй камерын өмнө гарч болох байсан. Бид хэдхэн минутын дотор Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчдийг цуглуулж болох байсан” гэж Мэттьюс мэдүүлжээ.
Ардчилсан нам, Бүгд найрамдах намаас тусгайлан гаргасан комисс сүүлийн нэг жилийн турш халдлагыг мөрдөн шалгаж, 1000 гаруй гэрчээс ярилцлага авч, маш их баримт цуглуулсан.
Үймээнийг үл тоосноос гадна Трамп нэгдүгээр сарын 7-нд хэлэхээр бэлдсэн үгнийхээ зарим чухал хэсгийг устгаж, засварласан гэж мөн буруутгагдлаа. Түүний урьдчилан бэлдсэн илтгэлд, “Би маш тодорхой хэлье. Та нар намайг төлөөлөхгүй. Та нар манай хөдөлгөөнийг төлөөлөхгүй” гэж бичсэн байсан боловч үүнийгээ устгажээ. Мөн хууль зөрчигсөд шоронд орно гэж бичсэн байснаа төлөөсөө төлнө болгож өөрчилсөн байв.
Эх сурвалж: REUTERS, POLITICO
Холбоотой мэдээ