Украины дайны үед цэргийн албаа шинэчилсэн Европын орнууд

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Украины дайны үед цэргийн албаа шинэчилсэн Европын орнууд

Украины дайны үед цэргийн албаа шинэчилсэн Европын орнууд

“Франц эрчүүд бүгд цэрэг бөгөөд улс орноо хамгаалах үүрэгтэй” гэж 1798 онд Францын генерал Жан-Баптист Журдан тунхаглаж байв. Энэ тунхаглал нь бүх дэлхийн цэргийн үүргийн үзэл баримтлалын анхдагч болсон. Журданы хуульд 20-25 насны ганц бие, хүүхэдгүй эрчүүдийг цэргийн алба хаах ёстой гэж заасан байдаг. Гэхдээ шашны зүтгэлтнүүд, дайнд зайлшгүй шаардлагатай үйлдвэрийн ажилчид, сонгогдсон дээд боловсролын байгууллагуудын оюутнууд, төрийн албан тушаалтнууд чөлөөлөгддөг байв.

Энэ хуулиас бараг хоёр зуун жилийн дараа Франц улс “Батлан хамгаалах, иргэний харьяаллын өдөр”-тэй болсон. Залуучууд жилд нэг удаа энэ өдөр улсынхаа үнэт зүйлстэй танилцдаг.

Балканы баруун хэсэгт бараг хагас зуун жилийн турш ямар ч мөргөлдөөн гараагүй тул олон зуун мянган нөөц хүчинтэй агуу армиуд зардал ихтэй атлаа онц хэрэггүй мэт санагдах болжээ. Тиймээс 1997 онд Францад үндэсний алба хаагджээ. Зарим хүний хувьд энэ нь түүхийг доромжилсон хэрэг байв. Европын бусад оронд ч энэ жишгийг дагаж, энэ зууны эхэн үед тив даяар хугацаат цэргийн алба үгүй болох дээрээ тулжээ.

Их Британи 1963 онд, Бельги 1992 онд хугацаат цэргийн албагүй болсон. 2004-2011 онд Европын дийлэнх хэсэг нь үндэсний албаа хаажээ. Гэхдээ Дани, Эстони, Финланд, Кипр, Грек, Австри, Швейцарь улсууд цэрэг татлагаа хэзээ ч тасалдуулаагүй. Харин цэргийн алба хаах хугацааг богиносгох гэх мэт зарим дүрэм журмыг зөөлрүүлжээ. Тухайлбал, 2006 онд Австри улс цэргийн алба хаах хугацааг ердөө зургаан сар болгосон.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн нь Европын хэд хэдэн оронд цэргийн албаа дахин шинэчлэх талаар бодоход хүргэсэн анхны цочроо байв. Украин улс 2014 онд цэрэг татлагаа эргэн сэргээсэн. Энэ алхам нь Оростой хийж буй өнөөгийн дайнд мэргэжлийн болон нөөцийн цэрэг бүрдүүлэх боломж олгосон гэдэг.

Литва улс 2015 онд цэрэг татлагаа хэсэгчлэн сэргээсэн бол Норвеги улс эмэгтэйчүүдийг цэргийн алба хаах ёстой гэж үзсэн Европын анхны улс болжээ. Швед улс хоёр жилийн дараа мөн ижил шинэчлэлтийг хийв. Улмаар Франц улс 2019 онд “SNU” гэх Үндэсний цэргийн албаа шинээр эхлүүлжээ. Энэхүү алба нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 16-25 насны эрэгтэй, эмэгтэй бүх иргэнд хамаарна. Гэхдээ энэ нь цэрэг татлага биш “Батлан хамгаалах, иргэний харьяаллын өдөр”-ийг орлож буй зүйл юм.

Литвийн Батлан хамгаалах яам энэ оны нэгдүгээр сард бүрэн цэрэг татлагын судалгааг эхлүүлсэн. Үүнээс хойш нэгхэн сарын дараа Оросын арми Украин руу довтолсон. Путины довтолгоо эхлэхэд Латви улс хамгийн түрүүнд хөдөлжээ. Тус улсын Батлан хамгаалах яам энэ сарын эхээр 18-27 насны эрчүүд 11 сар цэргийн алба хаах ёстой гэж мэдэгдэв.  “Латвийн иргэн амьд үлдэхийн тулд цэргийн сургалтад хамрагдсан байх ёстой. Мөн байлдаанд оролцоход бэлэн байгаа хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь Оросыг Латви руу дураараа довтлох эрсдлийг бууруулна” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Артис Пабрикс хэлжээ.

Бусад улс орон ч үүнийг дагах төлөвтэй байна. Нидерландын Батлан хамгаалах яам Скандинав маягийн цэрэг татлагыг нэвтрүүлэх судалгааг эхлүүлжээ. Харин Польш улс өнгөрсөн гуравдугаар сард сайн дурын цэргийн алба хаах шинэ тогтолцоог нэвтрүүлсэн.

Румын улс хэдэн жилийн өмнө цэрэг татлагаа сэргээхээс татгалзсан. Гэвч тус улсын Батлан хамгаалах яам энэ сард гадаадад амьдарч буй иргэдэд чиглэсэн эх орондоо буцаж ирэх хуулийн төсөл өргөн барьсан. Тодруулбал, Румынд онц байдал, дайн зарласан тохиолдолд гадаадад байгаа иргэд 15 хоногийн дотор эх орондоо буцаж ирэх ёстой юм.

Цэргийн албыг сэргээх санаа улс орон бүрт таалагдсангүй. Испани, Итали, Бельгид энэ асуудал тэгтлээ хурцаар хөндөгдөөгүй юм. Бельгийн нэгэн сэтгүүл энэ онд судалгаа явуулахад, судалгаанд оролцогчдын 60 хувь нь зэвсэг барин эх орныхоо төлөө тэмцэх хүсэлгүй байна гэжээ.

Герман улс 2011 онд цэрэг татлагаа түр зогсоогоод байсан бол одоо буцаан сэргээх хэрэгтэй гэж улстөрчид нь санал дэвшүүлэв. Цэргийн албыг сэргээх нь нийгэмд сайн сайхныг авчирна гэж зарим хүн мэдэгдсэн бол зарим нь яаралтай мэтгэлцээн хийхийг уриалжээ.

Европын Батлан хамгаалах агентлагийн тайланд дурдсанаар 1999-2021 оны хооронд холбооны батлан хамгаалах зардал ердөө 20 хувиар өсчээ. Гэтэл АНУ-ынх 66 хувиар, ОХУ-ынх 292 хувиар, Хятадынх 592 хувиар өсчээ. Ижил хугацааны үзүүлэлт гэхэд хоорондоо нэн ялгаатай тоо юм.

АНУ-ын арми нь нийт зургаан салбартай. Үүнд, арми, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын хүчин, Эргийн хамгаалалт, Тэнгисийн явган цэргийн хүчин, Сансрын хүчин орно. Элсэлтэд тавигдах шаардлага зургууланд нь ижил байна. Бүртгүүлсэн цэргүүд ихэвчлэн идэвхтэй дөрвөн жил, идэвхгүй дөрвөн жил байдаг. Идэвхтэй үүрэг гүйцэтгэх хугацаагаа дуусгасны дараа гэрээгээ сунгаж, үргэлжлүүлэн алба хаах боломжтой юм байна.

Нидерландын арми одоогоор 9000 орчим сул орон тоотой байна. Энэ нь армийн нийт албан тушаалын дөрөвний нэгтэй тэнцэх юм. Үндсэндээ Европын орнуудад 2010-аад оны эхээр сэргээн нэвтрүүлсэн цэргийн алба ихэнх нь сайн дурынх байна. Швед улсад жил бүр 4000 орчим сайн дурын элсэгч нэг жилийн хугацаатай цэргийн алба хаадаг. Гэвч энэ нь цэрэг татлагын насны нийт хүмүүсийн багахан хувь юм. Норвегид ч мөн адил. Жил бүр олон арван мянган хүнд цэргийн зарлан очдог боловч хэдхэн мянга нь л алба хаадаг. Цэрэг татлагын насныхны дөнгөж 15 хувь нь л элсдэг гэсэн тооцоо бий.

Польш улсад гуравдугаар сард нэвтрүүлсэн шинэ систем нь сайн дурынх бөгөөд төлбөртэй. Бүртгүүлсэн хүмүүс сар бүр ойролцоогоор 1000 еврогийн цалин авдаг. Цаашилбал бүтэн жилийн турш сургалтад хамрагдсаныхаа дараа мэргэжлийн армид элсэх боломжтой болдог аж.

Эх сурвалж: EURO NEWS, WIKIPEDIA, USA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж